Ил тод байдал

Төсөл хөтөлбөр

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНД

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

            Үндэсний эрх ашгаа дээдэлж хувь иргэн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялаг бүтээгч, эрх чөлөөтэй, дундаж орлоготой иргэд зонхилсон, нийгмийн хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх эрхэм зорилгыг удирдлага болгон төрийн байгууллагуудын үйл ажиллагааны нээлттэй байдал, үүнд иргэдийн оролцох оролцоог өргөжүүлэн төрийн уламжлал, шинэчлэлийг хослуулан залгамж чанарыг хадгалж, олон нийтийн санал санаачилгад тулгуурласан ардчилсан, шударга тогтолцоог бэхжүүлэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж ажиллах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын болон намуудын дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг иш үндэс болгон аймгаа улсын хэмжээний “ЖИШИГ АЙМАГ” болгох зорилоор 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө дэвшүүлж байна.

НЭГ. АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН

Өөрийгөө тэтгэх, зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангах, хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байртай болгох замаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, халамж зайлшгүй шаардагдах ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөтгөн, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэхийг зорих нь энэ чиглэлд баримтлах гол бодлого байх болно. Үүний тулд :

1.1.Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого

1. Сумын хөгжлийн сангийн эх үүсвэрийг 300,0-700,0 сая хүртэл, аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санг 3 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй болгож нэмэгдүүлэх.

2. БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар барьж буй дулааны станцыг ашиглалтанд оруулж, шинээр өргөтгөл хийх замаар хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

3. Томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хоршоологчдын үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, урамшуулах, борлуулалтын сүлжээ, үйлчилгээг бий болгох санал санаачлагыг дэмжиж ажиллана.

4. Шинээр бизнес эрхлэхийг хүсэгч болон бизнес эрхлэгч, иргэдэд шаардлагатай зөвлөх үйлчилгээ, сургалт, санаа, мэдлэг өгөх бизнес инкубатор байгуулах ажлыг дэмжих.

5. Хэвлэлийн болон оёдлын дэвшилтэт технологийн үйлдвэр байгуулах төсөл хөтөлбөрийг дэмжинэ.

6. Дарьгангын уламжлалт алт, мөнгөний дархан, гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

7. “Сүхбаатар хөгжил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүнс”, “Алтан намар”, “Шилмэл мал”  үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадад сурталчилах, туршлага солилцох зорилгоор улс,  бүсийн болон олон улсын чанартай яармаг худалдаанд байнга оролцуулахад дэмжиж ажиллана.

8. “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хүрээнд аймгийн брэнд бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж. Уул бүтээгдэхүүнийг байнга үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ.

9. Аймгийн төвд бетон зуурмагийн цех, чулуу бутлан ангилах үйлдвэр байгуулах.

10.Аймгийн төвд барилгын материалын сорилын лабротори байгуулж ажиллуулах.

11. Бичигт боомтод аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг шийдвэрлэж үйл ажиллагааг эхлүүлэх.

12. Малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс ширийг боловсруулж,гадаад, дотоодын зах зээлд нийлүүлдэг үйлдвэрлэгчдийг дэмжих

13. Газар тариалан, фермерийн бүс нутгийг түшиглэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахыг дэмжих;

14. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлэх замаар барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих.

15. “Тохилог хот” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг сайжруулж, нэгдсэн бодлогоор инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг байгуулан гудамж талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, нийтийн ОО, авто зогсоол, авто граж, замын гэрлэн дохио, камер, орон сууцнуудын засвар үйлчилгээ зэргийг иж бүрнээр нь шийдэж хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Жишиг сум”, “Жишиг баг” байгуулах ажлыг дэс дараатай авах.

16. Нийт сумдын ЦДАШугамын дэд станцын одоогийн хүчин чадлыг нэмэгдүүлж 0,4 кВ-ын шугамын засвар шинэчлэлтийг хийж, Эрдэнэцагаан сумыг дотоодын эх үүсвэрээр цахилгаанжуулна.

17. Улаанбаатар - Баруун-Урт - Эрээний      чиглэлд       нислэг      үйлдэж, Баруун-Урт-Шилийн гол аймгийн хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг болно.

 

  1. Үйлчилгээний бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх бодлого

1. Сумдад ахуй үйлчилгээний төв, цэг байгуулах санал санаачлага, төслийг үргэлжлүүлэн дэмжинэ.

2. Асгат, Сүхбаатар, Түмэнцогт, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Наран сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийлгэж, Эрдэнэцагаан, Онгон, Мөнххаан, Баруун-Урт сумдынхыг шинэчлэн боловсруулах.

3. Мөнххаан,Түвшинширээ,Уулбаян,Онгон,Дарьганга,Эрдэнэцагаан,Баяндэлгэр, Асгат, Халзан сумын төвийг төвлөрсөн халаалтын шугам, сүлжээнд холбох.

 4. Эдийн засгийн үр ашиг, хүн амын өсөлт, тухайн сумын онцлогийг харгалзан зарим сумдын төвийг ус, дулаан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбох боломжийг судалж шийднэ.

5. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тодотгон дахин төлөвлөлт хийх.

6. Аймаг, сумын төв, суурин газруудад шаардлагатай геодезийн цэг тэмдэгтийг шинээр суулгах.

7. Хот тосгоны газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх.

8. Дарьганга сумыг жишиг сум болгох төслийн ажлыг үргэлжлүүлэх.

9. Нисэх буудлыг аймгийн төвөөс нүүлгэн шилжүүлэх.

10. Халзан, Дарьганга, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Баяндэлгэр сумдад Засаг даргын Тамгын газрын конторын барилга шинээр барих, Эрдэнэцагаан, Асгат сумын Засаг даргын Тамгын газарт өргөтгөл хийснээр нийт сумдын Засаг даргын тамгын газрын 60 хувийг зориулалтын байртай болгон аймгийн Тамгын газрын барилгад их засвар хийнэ.

11. Баруун-Урт хотод 1000 айлын орон сууцыг шинээр барьж, шинэ хороолол байгуулах.

12. Сумдын төвүүдэд бие даасан  инженерийн  шугам,  сүлжээнд   холбогдсон 16-20  айлын орон сууцыг шинээр барих.

13. Малчид, уяачдын хорооллыг аймгийн төвөөс зайдуу байгуулах хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулж газар олголтыг төлөвлөгөөний дагуу  зохион байгуулалттайгаар хийх.

14. Жишиг гэр хорооллыг үргэлжлүүлэн барьж цахилгаан, цэвэр ус, авто замын асуудлыг нэгдсэн байдлаар, бусад дэд бүтцийг бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэх.

15. Хөдөө сумдад авто тээврийн хэрэгслийн явуулын тоног төхөөрөмжөөр оношилгоо, үйлчилгээ хийх.

16. Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг иргэд хөдөлмөрчдийн аюулгүй найдвартай, ая тухтай байдлыг хангасан байхаар зохицуулах.

17. Бичигт боомтын эрх зүйн үндсийг тодорхой болгож боомтын ажиллагсдын ажиллаж  амьдрах орчин нөхцөлийг сайжруулах.

18. Худалдаа, нийтийн хоол , хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын чанарыг сайжруулах, үндэсний хоол  болон олон улсын стандартын шаардлага хангасан  худалдаа, нийтийн хоол , үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тоог нэмэгдүүлж цэвэр, бохир ус, дулааны төвлөрсөн системд холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

19.Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах өөрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангахад анхаарч ажиллах.

20. Аймгийн нэгдсэн захуудыг эрүүл ахуйн шаардлага хангасан, бизнесийн жишигт нийцсэн худалдааны төв болгох;

21. Сумын төвд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг интернет кафе, утасгүй интернетийн бүсүүдийг бий болгох санал, санаачлагыг дэмжих ажиллах.

22. Баруун-Урт хотын хөдөлгөөний эрчим ихтэй уулзваруудад гэрлэн дохио суурилуулах.

23. Баруун-Урт сумын төвийн Дөрвөлж толгойд 20 м өндөр цамхагийг холбооны сайтын барилгын хамт барьж , шинээр баригдсан, баригдаж байгаа жишиг хорооллууд болон дулааны станц, үйлдвэрлэлийн бүсийн чиглэлд холбоожуулах арга хэмжээ авна.

24. Уулбаян, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумдын төсвийн байгууллагуудыг интернэтийн шилэн кабелийн сүлжээнд холбож, Шилийн богд орчмын аялал жуулчлалын бүсэд хээрийн сайт байгуулах.

25. Телевизийн систем тоон технологид шилжихтэй холбогдуулан телевиз, үүрэн холбооны сүлжээг сайжруулах зорилгоор Онгон, Баяндэлгэр сумдад 25 метр өндөр цамхаг байгуулах.

26. Төрийн архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд сан хөмрөг  үүсгэгч байгууллагуудын баримтанд нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийж дуусгах, цахим архив бий болгож, иргэд хөдөлмөрчдөд лавлагаа мэдээллээр хөнгөн шуурхай үйлчлэх.

27. Айл өрх, албан байгууллагын хаягжилтыг цэгцлэх

28. Хөдөөгийн багуудад шуудан хүргэхэд тухайн орон нутгаас дэмжлэг үзүүлэх.

29. Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177 км хатуу хучилттай авто замын ажлыг дуусгах

30. Баруун-Урт-Эрдэнэцагаан, Бичигт боомтын чиглэлийн 290 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэх

31. Бичигт-Баруун-Урт-Чойбалсанг холбосон төмөр зам барих ажлыг эхлүүлнэ.

32. Баруун-Урт Сайншандыг холбосон сайжруулсан зам тавина.

33. Улаанбаатар-Баруун-Урт – Эрдэнэцагаан-Бичигт чиглэлийг холбосон авто замын томоохон сүлжээг бий болгоно.

34. Баруун-Урт хотод нийтийн тээврийн үйлчилгээ, такси дуудлагын нэгдсэн сүлжээ бий болгоно.

35. Нийтийн орон сууцнуудын СӨХ-ны асуудлыг шийдвэрлэнэ.

36. Зам, тээврийн хяналтын нэгдсэн төв бий болгоно.

37. “А” зэрэглэлийн бүсэд байрлаж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбуулах.

38.Аймгийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үл хөдлөх хөрөнгийг бүртгэх, баталгаажуулах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж иргэдийн өмчлөх эрхийг хангах, эдийн засгийн эргэлтэнд оруулах хөшүүргийг бий болгоно.

39.Зураг төсвийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагыг орон нутагт байгуулах санал санаачилгыг дэмжиж ажиллана.

40. Баруун-Урт хотын ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжийн өргөтгөлийг хийж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

41. Хотын төвийн энгийн галлагаатай айл өрхөд түлшний хэмнэлттэй, утаа бага гаргадаг зуух ашиглуулах замаар агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах.

 

  1. Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого

1.  “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, сумдын мал эмнэлэг, үржлийн  тасгийн үйл ажиллагааны зардлыг төсөвт тодорхой тусгаж, мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээ  явуулах боломжийг бүрдүүлнэ.

2. Эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуй байгуулах иргэн, аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллана.

3. Махны чиглэлийн өсвөр үхэр  өсгөн үржүүлэх загвар аж ахуйг Түмэнцогт сумын ОНӨҮГ-ын материаллаг баазыг түшиглэн байгуулах, Баяндэлгэрийн ноолуурын чиглэлийн улаан омгийн ямааг үүлдэрээр батлуулан үржил селекцийн ажлыг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хийж гүйцэтгэхэд хөрөнгийн дэмжлэг үзүүлнэ.

4. Мал сүргийг стандартын дагуу ээмэгжүүлэн  бүртгэл мэдээллийн  нэгдсэн сан бий болгож малыг индексжүүлсэн даатгалд хамруулах ажлыг  эрчимжүүлнэ.

5. Бэлчээр ашиглалтын менежментийг  боловсронгуй болгох зорилтын хүрээнд бүх сумдын өвөлжөө, хаваржааны бэлчээрийг ИТХ буюу сумын Засаг даргын шийдвэрээр чөлөөлөх, хуваарьтай ашиглах, сэлгэх, өнжөөх, нөхөн сэргээн  хамгаалах  арга хэмжээг  тогтмолжуулна.

6. Мал сүргийн, усан хангамжийг сайжруулах зорилгоор улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн газрын хөрөнгө оруулалтаар уст цэгийн тоог олшруулах, замаар ашиглалтгүй бэлчээрийг ашиглах, мөн энгийн уурхайн худаг гаргаж буй малчид иргэдийг  дэмжиж урамшуулал  олгоно.

7. “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд чацаргана тариалах иргэд, аж ахуй нэгжийг бодлогоор дэмжин ажиллаж тариалалт суулгацыг нэмэгдүүлж чацаргана боловсруулах үйлдвэрийн эхлэлийг тавина.

8. Өмнө нь газар тариалан эрхэлж байсан бүс нутгуудад үр тарианы аж ахуйг дахин сэргээж түүнийг түшиглэсэн гурил, тэжээлийн үйлдвэрийг орон нутагтаа байгуулна.

9. Төмс, хүнсний ногооны тариалалтыг усны эх үүсвэртэй услах боломжтой газар нутгуудад нэмэгдүүлж, хэрэгцээт төмс, хүнсний ногооны 50 хүртлэх хувийг, өндөг болон үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэрэгцээний 30 хувийг аймгийнхаа үйлдвэрлэлээр хангахаас гадна хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлж шинээр хүлэмж авах болон барьж байгуулах иргэн, аж ахуй нэгжийг төсөл хөтөлбөрт хамруулж эрт ургацын ногоогоор хангах нөхцөл бололцоогоор хангана.

10. Усалгаатай тариалан эрхлэх, техник технологийн шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлж боломж бүхий услалтын системүүдийг сэргээн засварлах, тариалан эрхлэх иргэд, аж ахуй нэгжийн санаачлагыг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжинэ.

11. Сумдад байгуулсан агро паркийн үйл ажиллагааг тогтворжуулж шаардлагатай техник хэрэгсэл,тоног төхөөрөмж,үр бордоо авахад нь дэмжлэг үзүүлнэ.

12. Аймгийн мал эмнэлгийн лабораторийг итгэмжлэлд хамруулж, нарийн мэргэжилийн малын эмч нарыг тогтвортой ажиллуулах, хувийн болон сумдын мини лабораторийн шинжилгээг баталгаажуулах чадавхтай болгох

13. Аймгийн төвд баригдаж эхэлсэн ХАА-н бараа, түүхий эдийн төвийн барилга, байгууламжийг бүрэн барьж дуусган түүхий эдээ шалгах лаборатори болон онлайн сүлжээтэй, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээр хангаж  зүүн бүсийн загвар төв болгох замаар  бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

14. Аймгийн хэмжээнд малын элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх.

15. Аймгийн хэмжээний малчдын чуулга уулзалт /форум/-ыг хийж түүнээс гарсан санал санаалчилга, шийдвэрийг үндэслэн тусгайлсан бодлого боловсруулан ажиллана.

16. Байгаль цаг агаар хүндэрч гэнэтийн гамшиг, аюул тохиолдон МАА-н өвөлжилт, хаваржилтанд бэрхшээл учирсан үед малчдад өвс, тэжээлийн болон бусад төрлийн дэмжлэгийг үзүүлнэ

 

  1. . Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх бодлого

1. Хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, дэд хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх.

2. Сумдад стандартын шаардлага хангасан “мал нядалгааны газар”-ыг байгуулах замаар төв, суурингийн  хүн ам, нийтийн хоолны газрын  хэрэгцээнд нийлүүлэх мал, амьтны махыг мал эмнэлэг, ариун цэврийн лаброторийн хатуу хяналтын дор нийлүүлэх арга хэмжээг авах.

3. Бичигт хилийн боомтоор орж ирж буй бодис, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хилийн хяналтын хэлтсийн дэргэд лаборатори байгуулж ажиллуулна.

1.5.  Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого

1. Аялал жуулчлал хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг бусад салбарын хөтөлбөрүүдтэй уялдуулан шинэчлэх.

2. Тусгай сонирхлын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн түүнд шаардлагатай дэд бүтцийг бий болгож сайжруулах.

3. Аймгийн онцлогийг тусгасан аялал жуулчлалын цогцолборыг шинээр байгуулан, түүнийг дагасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх.

4. Байгалийн цогцолборт, түүх соёлын дурсгалт газрыг түшиглэн жуулчны бааз байгуулах санаачлагыг дэмжих.

5. “Нью-Дарьганга” ОНӨҮГазрыг орчин үеийн стандартад нийцсэн, амралт, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлнэ.

6. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлнэ.

7. Аялал жуулчлалын шинэ маршрутыг бий болгох, улмаар  түүхээ сайн мэддэг мэргэшсэн хөтчийг бэлтгэх, тухайн аялал жуулчлалын төрөл хэлбэртээ тохирсон журам, дүрэмтэй болох.

8. Жил бүр үр бүтээлтэй ажилласан иргэдийг гадаад орнуудад туршлага судлуулах аялалыг зохион байгуулна.

 

1.6. Хөдөлмөр эрхлэлтийн бодлого

1. Хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийн судалгааг бодитой гаргаж тэднийг  “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрт хамруулж, ажилгүйдлийн түвшинг 2016 онд 5 хувьд хүргэн бууруулна.

2. 40-өөс дээш насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг урамшуулна.

3. Аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тоо, бүтэц бий болгох, зөвлөл байгуулан ажиллуулахад хяналт тавин ажилласнаар үйлдвэрлэлийн ослыг  бууруулна.

4. “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих” болон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр  эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

5. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан ажилгүй иргэдийг сул чөлөөтэй ажлын байранд зуучлах, зөвөлгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээний чанарыг сайжруулж, ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох замаар хөдөлмөр зуучлалын мэдээллийн биет болон онлайн сүлжээг нэвтрүүлэх.

6. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тусгайлсан бодлого боловсруулж, ажлын байр нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч 3,0 мянгаас доошгүй байнгын, 3.5 мянгаас доошгүй түр ажлын байр бий болгож,  боловсролтой ажилгүйчүүдийг ажлын байраар хангах,

7. Шинээр ажлын байр бий болгосон, ажиллагсадынхаа ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар идэвх санаачлагатай ажиллаж байгаа, түүнчлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа аж ахуй нэгжийг дэмжих бодлого баримтлана.

8. Иргэдийн амьжиргаа, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Малжуулах”, “Гэр”, “Орон сууц”, “Төмс хүнсний ногоо”, “Ажлын байр”, “Нутгийн бүтээгдэхүүн” төслүүдийг хэрэгжүүлнэ.

 

1.7. Нийгмийн хамгааллын бодлого:

1. Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн оролцоонд тулгуурлан нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.

2. Орлогыг орлуулан тооцох аргаар тогтоогдсон бага орлоготой ядуу өрхүүдийн иргэдэд хүнс, хоол тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, орон гэргүй иргэдэд гэр, хашаа, орон сууц худалдан авах, орон байраа өргөтгөх, засварлахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх.

3. Аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллагсадын эрүүл мэндийг хамгаалах, цалин хөлсний тогтолцоог оновчтой, ил тод болгох, ажлын хөлсийг ажилласан цагаар болон хөдөлмөрийн бүтээмжээр олгодог болгоно.

4. Нийгмийн хамгааллын үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, иргэд болон хамтран ажиллагсдад нээлттэй мэдээллийн сан бий болгох.

5. Нийгмийн хамгааллын салбарын материаллаг баазыг бэхжүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зуны сувилалыг шинээр байгуулахад дэмжлэг үзүүлэх.

6. Орон сууц, сургууль болон үйлчилгээний газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг байгуулах.

7. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах.

8. Иргэдэд үзүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээг бүрэн цахимжуулж, үйлчилгээний соёл, хүртээмжийг жилээс жилд нэмэгдүүлнэ.

9. Ахмад настанд үзүүлэх төрийн үйлчилгээг иж бүрнээр нь сайжруулж, төрийн аливаа бодлого шийдвэрт ахмад настны оролцоог нэмэгдүүлнэ.

1.8. Төсөв, санхүүгийн бодлого

Хүн амын хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх, өрсөлдөх  чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засгийн хүрээний үндсэн зорилго болно

1. Орон нутгийн  үйлдвэрлэгчид,  аж ахуйн нэгж байгууллагуудын  үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэхийн зэрэгцээ тэдний нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлнэ.

2. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

3. Аймгийн эдийн засаг, төсөв, санхүүгийн  мэдээллийн баазыг шинэчлэн бодит байдалд суурилсан үр дүнд чиглэсэн  төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ.

4. Төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлж, гүйцэтгэлийн үр дүнд үндэслэсэн санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлнэ.

5. Хөрөнгө  оруулалтыг 4 жилээр төлөвлөж, жил бүр тодотгох зарчим баримтална.

6. Орон нутгийн хөгжилд чиглэсэн эдийн засгийн үр ашигтай төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд дотоод, гадаадын  хөрөнгө оруулагчдын шууд хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтална.

7. Төлбөр тооцоо, бүртгэлийн бүх үйл ажиллагааг цаг хугацаа орон зайнаас үл хамааран хийж гүйцэтгэх орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.

8. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг ил тод нээлттэй байлган, үр ашгийг сайжруулна.

9. Хөрөнгийн бүртгэлд мэдээллийн технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, орон нутгийн өмчийн нэгдсэн онлайн мэдээллийн сантай болно.

10. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах  шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

11. Банк, банк бус санхүүгийн байгууллагын тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгож, зээлийн хүүг бууруулан жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх,  хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зарчим баримтална.

12. Даатгалын зах зээлийн хөгжлийг дэмжиж, түүний нийгмийн амьдралд үзүүлэх үр нөлөөг өргөжүүлнэ.

13. Аймгийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс тэдгээрийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг хууль тогтоомжийн хүрээнд үзүүлж ажиллана.

 ХОЁР. ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН

Хүн амд хүргэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж өрх,  иргэн бүрт хүрч үйлчлэх бодлогыг  хэрэгжүүлэн үр дүнд хүргэх зорилгоор дараах арга хэмжээг зохион байгуулна.

1. Аймгийн хүн амын өвчлөлийн байдал, нас баралтын шалтгаанд дүгнэлт хийж халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх явуулын амбулоторийн үйлчилгээг тогтмолжуулна.

2. 2013-2016 онд бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, тэмцэх аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан эдгээр өвчлөлийг илрүүлэх үзлэг шинжилгээнд зорилтод бүлгийн хүн амыг хамруулан эрүүлжүүлэх арга хэмжээ авна.

3. “Эрүүл хот, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох дэд хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлнэ.

4. Элэг цөсний өвчлөлийг эмчлэх сувилалыг Баруун-Урт суманд байгуулна.

5. Эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж “Хүүхдийн хоол тэжээлийн төв”  байгуулахыг хөхүүлэн дэмжинэ.

6. Зайн оношлогоо, эмчилгээг өргөтгөн сум дундын болон зарим сумдын эрүүл мэндийн төвүүдэд цахим үйлчилгээг нэвтрүүлнэ.

7. Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулж эмчилгээний чанарыг дээшлүүлэн “Уламжлалт анагаах ухааны төв” байгуулна.

8. Эрүүл мэндийн байгууллагуудын барилгыг засварлах, өрхийн болон зарим сумдын эрүүл мэндийн төвийг шинээр барих, орчин үеийн техник тоног төхөөрөмж, түргэн тусламжийн авто машинаар хангах  ажлыг ээлж дараагаар хангана.

9. Өндөр чанар, үзүүлэлттэй лабориторийн оношлогооны төвийг байгуулна.

10. Хөдөөгийн багуудыг эмч, унаагаар хангах, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургахад гадаад харилцааны нээлттэй бодлого явуулж,  эрүүл мэндийн салбарт ажиллагсдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг дэс дараатайгаар хэрэгжүүлнэ.

11. Эмчилгээний өндөр идэвхитэй, чанарын баталгаатай, аюулгүй эм био бэлдмэлээр ханган зөв хэрэглээг төлөвшүүлэх ажлыг  бодлогын түвшинд хэрэгжүүлнэ.

12. Спорт цогцолборыг ашиглалтанд оруулж техник, тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг авахын зэрэгцээ Баруун-Урт хотын төвийн орон сууцны хорооллын дунд спорт, чийрэгжүүлэлтийн талбай байгуулна.

13. Хүн амыг хөдөлгөөний хомсдлоос сэргийлж, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлнэ.

14. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэн аймгийн төвд усан бассейн, хөл бөмбөгийн ногоон талбайтай болгож Сүхбаатар суманд спорт заалны барилга ашиглалтанд оруулна.

15. Олимп, тив, дэлхий, олон улс, улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчид, өндөр зэрэглэлтэй тамирчдыг бэлтгэн гаргаж буй шигшээ баг, спортын холбоодыг хөхүүлэн дэмжинэ.

16. Сумдын Эрүүл мэндийн төвийн цэвэр, бохир усны асуудлыг шийдвэрлэнэ.

17. Бичигт боомтонд хүн эмнэлгийн барилга, биеийн тамирын заал барина.

 

ГУРАВ. ЭРДЭМ, БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН

Эх орныхоо хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багачууд, нийт хүн амаа сургаж бэлтгэх үндсэн зорилгын хүрээнд олон улсын стандартад нийцсэн бага, дунд болон мэргэжлийн боловсрол олгох, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байж  улс, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ  оруулдаг монгол үндэснийхээ уламжлал, урлаг, соёлоо хөгжүүлэх хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.

1. Сургалтын байгууллагын бүтэц хэв шинжийг оновчтой болгох, сургууль,  цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, өргөтгөх, засвар хийх замаар хүүхдийн ая тухтай сурч, хүмүүжих орчинг бүрдүүлж боловсролын системд өрсөлдөөн бий болгон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

2. Сургуулийн насны хүүхдийн бага, суурь боловсролын сургалтанд хамрагдалтыг нэмэгдүүлж, өмнөх 4 жилийн дундажаас 2,5 хувиар ахиулан 97,0 хувьд хүргэнэ.

3. Хүүхдийн цэцэрлэгийн орны тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч, цэцэрлэгийн насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 90 хувьд, цэцэрлэгт хамрагдалтыг 67,5 хувьд хүргэнэ.

4. Сүхбаатар аймгийн боловсролын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, багшийн хөгжлийн төв бүхий “Боловсрол хотхон” байгуулна..

5. Багш бүрийн мэргэжлийг дээшлүүлж багшийн ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан урамшууллын тогтолцоог нэвтрүүлж “Багшийн хөгжил”, “Багш солилцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэн жил бүр тодорхой тооны багшийг гадаад, дотоодод туршлага судлуулна..

6. Мэдээллийн технологийг сургалтын орчинд өргөнөөр ашиглаж, цахим орчинг бүрдүүлнэ.

7. Баруун-Уртын 640, Асгатын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын  ажлыг дуусгаж ашиглалтанд оруулна.

8. Баруун-Урт сумын 960, Түмэнцогт, Эрдэнэцагаан сумын 320 суудалтай сургуулийн барилга, Баруун-Урт, Эрдэнэцагаан сумын 200, Уулбаян, Дарьганга, Наран сумын 100  ортой дотуур  байр,  Бичигтийн боомт,  Асгат, Уулбаян, Түвшинширээ сумын 100,  Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумын 150, Баруун-Урт суманд 550 ортой цэцэрлэгийн барилгыг шинээр барьж, Баяндэлгэр сумын сургуулийн хичээлийн байр, Баруун-Урт сумын  2 дугаар сургуулийн  урлагийн   заалны  өргөтгөл, Баруун-Урт сумын 3 дугаар сургуулийн хичээлийн 1, 2 дугаар байр, Онгон, Сүхбаатар сумын сургуулийн хичээлийн байрны их засварыг хийж, 8 дугаар цэцэрлэгийн бохирын шугамыг төвийн системд холбон үерийн ус зайлуулах суваг байгуулна..

9. Мэргэжлийн боловсролын талаар төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлж, МСҮТ-ийг лаборатори, дадлагын тусгай байртай болгож, техник, тоног төхөөрөмжөөр хангаж технологийн сургуулийн хичээлийн байранд их засвар хийнэ.

 

  1. Соёл, урлаг

1. Аймгийн төвд стандартын шаардлага хангасан номын  шинэ ордон, уран зургийн галарейтай музейн барилга шинээр барих.

2. Соёл, урлагийн салбарын материаллаг баазыг нэмэгдүүлж Наран, Халзан, Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян сумын соёлын төвийн барилгыг шинээр барьж, Онгон, Түмэнцогт сумын соёлын төвийн барилгад их засвар хийх.

3. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж,  дотоод болон  гадаадын  туршлагаас суралцаж Сүхбаатар аймгийн соёлын агуулгатай нэрийн бүтээгдэхүүн /брэнд/-ийг бий болгох.

4. Хөгжимт жүжгийн театрын дэргэд урлагийн дугуйлан тогтмол хичээллүүлж, хүүхдийн чуулга байгуулан урлаг соёлын арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд болон хилийн чанадад арилжааны тоглолт, үзэсгэлэн, худалдаа хэлбэрээр зохион байгуулна. 

5. Түүх соёлын нэн ховордож байгаа дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг сайжруулж, музейд байгаа зарим үзмэрийг сэргээн засах, шинэчлэх, баяжуулах,  түүх соёлын дурсгалт зүйлийг нийтэд сурталчлах, танин мэдэхүйн аялал зохион байгуулах.

6. Номын сангийн үйлчилгээг автоматжуулах ажлын хүрээнд “Мэдээлэл хайлтын танхим”тай болгон техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, хөдөөгийн хүн амыг мэдээллээр хангах “Явуулын номын сан”–ын үйлчилгээнд дэмжлэг үзүүлнэ.

7. Дарьганга ардын дуу дуулаачдыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж дарьганга дууны өв соёлыг  түгээн дэлгэрүүлэх.

8. Хүүхэд залуусыг номтой ойр болгож тэднийг ном унших соёлд сургах тусгай бодлого боловсруулан хэрэгжүүлэх.

9. Мэргэжлийн урлагийн байгууллагыг мэргэжлийн багшаар хангаж, уран бүтээлчдийн мэргэжил, боловсролыг дээшлүүлж, Хөгжимт жүжгийн театрыг эргэдэг тайзтай болгон, акустикийг сайжруулна.

 

  1. . Хүүхэд, гэр бүл

1. Хүүхэд,  залуучуудыг  хөгжүүлэх,  тэдний  хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцэхүйц үйлчилгээ  үзүүлэх,  төрөл бүрийн дугуйлан  хичээллүүлэх, амьдрах  ухаан,  хөдөлмөрлөх  зан  үйлийг  төлөвшүүлэх чадамжтай  “Хүүхдийн ордон” байгуулна.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон зорилтот бүлэгт чиглэсэн үйлчилгээг нэмэгдүүлж, хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих төв байгуулна.

3. Аймаг, сумын хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн “Зөв Монгол хүүхэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ажиллана.

4. “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги”, “Хүүхдийн оролцоог дэмжих стратеги”, “Хүүхдийн мөнгө бодлого”-ын хүрээнд Хүүхдийн хууль зүйн хорооны ажлыг сайжруулан, хүүхдийн хамгаалуулах, оролцох, хөгжих эрхийн үйлчилгээ зохицуулалтыг хангаж ажиллана.

5. Аймаг, сумын Засаг даргын ивээл доор “Хүүхдийн чуулган”-ыг зохион байгуулж,  хүүхдийн оролцох эрхийг шийдвэр гаргах түвшинд хангаж ажиллана.

6. Хүүхдийн “Дарьганга” зуслангийн үйл ажиллагааг сайжруулан, зусланд амрах хүүхдийн тоог нэмэгдүүлж, гадаад харилцааг өргөжүүлэн, зусланд солилцоогоор хүүхэд амруулахад дэмжлэг үзүүлнэ.

 

ДӨРӨВ. АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН

Эдийн засгийн өсөлтийг түргэтгэхийн зэрэгцээ эх болсон байгалиа, хүрээлэн байгаа орчноо зүй зохистой ашиглах, хамгаалж нөхөн сэргээх замаар нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогоо ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж экологийн аюулгүй орчинд ажиллаж,  амьдрах нь өнөөгийн тэргүүлэх зорилтуудын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

1. Баруун-Урт хотын авто замын сүлжээг өргөтгөж шинээр 20 км авто зам, авто зогсоол, явган зам барьж, хуучин цемент, бетонон замд их засвар хийж, сумдын  төвд 1-2 км иж бүрэн авто зам барих ажлыг бодлогоор дэмжинэ.

2. Хот, суурин газрын ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх ”Ногоон хот”, “Ногоон суурин” болгох хөдөлгөөн өрнүүлж дэмжиж ажиллана.

3. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ялган боловсруулах, устгах үйл ажиллагааны техник технологийг шинэчлэх, менежментийг боловсронгуй болгох замаар аймаг, сумын төвийн хогийн цэгийг цэгцлэх асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.

4. Цөлжилттэй тэмцэх хүрээнд цөлжилтийн мониторнгийн сүлжээг ашиглан 5 жил тутамд үнэлгээ хийлгэх, төв суурин газрын цэцэрлэгжүүлтэнд шаардлагатай мод тарьж ургуулах мод үржүүлгийн газрыг байгуулж, дэмжин ажиллана.

5. Ус хөтөлбөрийг  хэрэгжүүлэх зорилгоор аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангана.

6. Нэн ховор, устгах аюул нүүрлэж буй амьтан, ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авах.

7. Байгаль орчинд ээлтэй технологи, цэвэр үйлдвэрлэл, ногоон хэрэглээг урамшуулах замаар түүхий нүүрсний хэрэглээг бууруулах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглах үйл ажиллагааг ногоон хөгжлийн бодлогоор дэмжинэ.

8. Хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх.

9. Гамшгаас хамгаалах бүх шатны сургалтыг аймаг, сум, аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөний дагуу чанартай зохион байгуулж иргэдийг сургах.

10. Объектын гал унтраах зорилгоор сумдыг 4 тонны ёмкостой чиргүүл дээр суурилуулсан мотопомп, дагалдах хэрэгсэлтэй болгох.

11. Бүх сумдыг гамшгийн үеийн зарлан мэдээллийг шуурхай зохион байгуулах зорилгоор бүх нийтийн сирень дохиотой болгох

12. Хээрийн түймэр гарах магадлал өндөртэй сумдыг түймэр унтраах багаж, техник хэрэгслээр хангах.

13. Баруун-Урт хотын бохир ус, цэвэрлэх байгууламжийг өргөтгөж био химийн аргыг ашиглан усыг цэвэршүүлж эргүүлэн ашиглах боломжийг судална.

14. ХАА-н биржийн дэргэд  хяналт тавих мал  эмнэлгийн  лаборатор  байгуулах /арьс шир,ноос ноолуур,хөөвөр, хялгас,мах сүүнд чанар, гарал үүслийн баталгаа өгөх/

15. Мах, махан бүтээгдэхүүн сүү, цагаан идээний төрөлжсөн стандартын. шаардлага хангасан захтай болох.

16. Баруун-Уртын гол, Ганга нуурыг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

4.2. Батлан хамгаалах бодлого

1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, төр, засгийн бодлого чиглэлийг орон нутагтаа сурталчилан хэрэгжүүлэх, биелэлт үр дүнг тооцох,хяналт тавих, зохион байгуулалтын шуурхай удирдлагаар хангаж ажиллана.

2. Цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Эрүүл мэнд, Боловсролын газартай гэрээ байгуулан жил бүр дүгнэж үр дүнг тооцох.

3. Хил хамгаалалтыг сайжруулж, хилийн инжинерийн байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, хил хамгаалалтад орчин үеийн тоног төхөөрөмж ашиглахад дэмжлэг үзүүлэн, хилийн зөрчил, хил дамнасан малын хулгайг таслан зогсоох ажлыг Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн хэлтэс, сумдын Засаг дарга, Тамгын газар, иргэдийн оролцоотой хамтран зохион байгуулна.

4. Цэргийн үүрэгтнийг сургаж бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, цэргийн үүрэгтний тоо бүртгэлийг чанаржуулж, цэргийн албыг биеэр болон мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хааж буй иргэдтэй тооцоог тухай бүрд нь хийж дуусгана.

5. Аймгийн нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа зэвсэгт хүчний анги салбаруудад туслалцаа дэмжлэг үзүүлж тэдгээр нэгж байгууллагуудтай улс орны батлан хамгаалах чиглэлд болон орон нутгийн бүтээн байгуулалтын салбарт үр ашигтай хамтран ажиллана.

  1. Нийгмийн аюулгүй байдал

 

1. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлж, иргэдийг аюулгүй орчинд тайван амьдрах баталгааг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг авч, гудамж талбай, олон нийтийн газар телекамер суурилуулах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.

2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн урамшууллын тогтолцоог бий болгож, орчин үеийн холбоо, мэдээллийн хэрэгслийг суурилуулан нутаг орны байдлаас үл хамааран хөдөөгийн малчин иргэдэд мэдээ мэдээллийг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлнэ.

3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор шүүх эрх мэдлийн  болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлнэ.

4. Архидан согтуурах түүнээс үүдэн гарах гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор аймгийн төвд "Хамгаалах байр"-ыг ашиглалтанд оруулан, үйл ажиллагааг нь тогтмолжуулна.

ТАВ. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, тунгалаг болгож, хариуцлага, хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж үзэн мөрдүүлж, авлигаас ангид, хүнд сурталгүй байж төрийн үйлчилгээг нийтийн үйлчилгээ болгон, хуулиа дээдлэн хүн бүр эрх тэгш, орон нутагтаа сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1. Иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн албаны ажилтан, албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг бодлоготойгоор төлөвлөн ажиллана.

2. Төрийн үйлчилгээ шуурхай, нээлттэй хүргэж байх ажлын хүрээнд шийдвэр гаргах түвшинд иргэний нийгмийн төлөөлөл, ТББ-ын оролцоог нэмэгдүүлж  үйл ажиллагааг ил тод  болгоно.

3. Өндөр мэдлэг, боловсролтой, чадварлаг ажилчдыг сумдад, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор мэргэжлийн боловсон хүчин, залуучуудад зориулсан орчин үеийн тохилог орон сууцаар хангах.

4. Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх замаар нутгийн захиргааны байгууллагуудын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын ажлын гүйцэтгэлд нөлөөлж, дотоод хяналт, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, сум, агентлаг, төсөвт байгууллагуудын үр дүнд хүрэх арга замыг сайжруулна.

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгийн мэдээллийг тайлагнах, хэрэглэх арга зүйд төрийн байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх ажилтнуудыг сургахын зэрэгцээ үйл ажиллагааны болон төсвийн хяналтад зөвлөн туслах арга зүйг тогтмолжуулах бодлогыг барьж ажиллана.

6. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, эрхээ хэрэгжүүлэх чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор зорилтот бүлгүүдрүү чиглэсэн сургалтын тогтолцоог бий болгож ажиллана.

7. Хүний эрхийн баталгааг хангах зорилгоор иргэдэд үзүүлэх эрх зүйн туслалцаа, сургалт, сурталчилгааны ажлын хүртээмжийг өргөжүүлж орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхим бий болгоно.

8. Багаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг цогц байдлаар шийдвэрлэх.

Аймгийн Засаг дарга, Тамгын газар нь бодитой тооцоо судалгааны үндсэн дээр аймгийнхаа хөгжлийн хүрсэн түвшинд суурилан дараагийн 4 жилд хүрэх түвшингээ энэхүү хөтөлбөрөөрөө тодорхойлж 2016 оны эцэст хүн амын маань ажил эрхлэлт нэмэгдэж, амьжиргааны чанар сайжирсан, орон нутагт мал аж ахуйн тогтвортой өсөлт хангагдаж чанар, ашиг шим нь дээшилсэн, газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж  дотоодын бүтээгдэхүүнээр хүн амынхаа хүнсний хэрэгцээний тодорхой хэсгийг хангасан, жижиг дунд үйлдвэр болон уул уурхайн үйлдвэрлэл өргөжиж орлогын хэмжээ нэмэгдсэн, мэдээллийн технологийг салбар бүрт нэвтрүүлж ашигласан, байгаль экологийн эрүүл орчинтой, ногоон хөгжлийн хүрээнд тодорхой шат ахисан, барилга хот байгуулалт, зам тээврийн хүрээ тэлсэн, гадаад харилцаа өргөжиж хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр хүн  ард нь орон нутагтаа эрүүл орчинд ая тухтай ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлсэн “ЖИШИГ АЙМАГ” болгохын төлөө бүх нийтийн хүч анхаарлыг төвлөрүүлэн ажиллах болно.