Аудитын дүгнэлт

Хууль тогтоомж

                                                 Тамгын газрын албан хаагчдын 2015 оны

                                                 03-р сарын 10-ний өдрийн хурлаар батлав.

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗРЫН  ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Тамгын газар үйл ажиллагаагаа явуулахдаа ажиллагсдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, сахилга, зохион байгуулалтыг бэхжүүлэн, ажлын бүтээлч чанарыг дээшлүүлж бусад дотоод харилцааг зохицуулахад энэхүү дотоод журмыг баримтална.

1.2.Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн аливаа асуудлыг хөдөлмөрийн харилцааг зохицуулсан  Монгол улсын хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомжийг үндэслэн энэ дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.

1.3.Дотоод журмын биелэлтэнд аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга, хамт олон хяналт тавина.

Хоёр.Тамгын газарт хүмүүсийг ажилд авах, ажлаас чөлөөлөх

2.1. Тамгын газарт ажиллах хүмүүсийг ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг харгалзан хэлтэс, тасгийн дарга нар, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй хамтран судалсны үндсэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт хийнэ.

2.2. Мэргэжлийн шалгалтанд тэнцсэн хүний талаар Тамгын газрын даргад танилцуулж, тушаал гарснаар Үр дүнгийн гэрээ байгуулж, хувийн хэрэг хөтөлнө.

2.3. Шинээр ажилд орж байгаа хүмүүсийн ажлыг шийдвэр гарснаас хойш 2 хоногийн дотор хүлээлцүүлэн, ажлын холбогдолтой хууль, тогтоомж, заавар, удирдамж судлуулах ажлыг холбогдох хэлтэс, тасгийн дарга хариуцна.

2.4. Үр дүнгийн гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, шаардлагатай нөхцөлд тодотгол хийх, гэрээг цуцлах асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж байна. Ингэхдээ гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа шалтгаан, үндэслэлийг тодорхой гарган шийдвэрт тусгасан байна.

2.5. Ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтан Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тооцооны хуудас авч, холбогдох хэлтэс, тасаг, байгууллагатай тооцоо бүрэн дуусгасны дараа ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг үндэслэн нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийлгүүлнэ.

2.6. Ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилчин, ажилтанд нь хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнаас тооцооны хуудас авч, холбогдох Хэлтэс, Тасаг, байгууллагатай тооцоо бүрэн дуусгасны дараа ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг үндэслэн нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийлгүүлнэ.

Гурав. Тамгын газар, хэлтэс, тасаг, ажилтнуудын үндсэн үүрэг

3.1. Тамгын газрын үндсэн үүрэг

3.1.1. Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг удирдлага болгон аймгийн Засаг даргаас үйл ажиллагаа явуулахад нь бүх талаар үйлчлэн тусалж, хууль тогтоомж болон Засгийн газар, Засаг даргын шийдвэрийн биелэлт, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан орон нутагт засаг захиргааны удирдлагын арга хэлбэрийг боловсронгуй болгон үр нөлөөг нь дээшлүүлэх ажил зохионо.

3.1.2. Хэлтэс, Тасаг, албадын үйл ажиллагаанд хагас жил тутамд Хяналт- Шинжилгээ, Үнэлгээ хийж, тухай бүрт нь хэлэлцэж шийдвэрлэж байна.

3.1.3. Төрийн байгууллагад ажиллах боловсон хүчнийг судалж, сонгон шалгаруулж байршуулах, сургах, давтан сургах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.

3.1.4. Төр, засгийн бодлого шийдвэрт үндэслэн орон нутгийн онцлог байдлыг судалж тусгасан тодорхой бодлого, чиглэл боловсруулан сурталчилж хэрэгжүүлэх ажлыг нэгтгэн зангидаж, уялдуулан зохион байгуулна.

3.1.5. Хэлтэс, тасгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж удирдах, тэдний ажлыг шалгаж дүгнэнэ.

3.1.6. Тамгын газар нь сар, улирлаар тодотгосон жилийн ажлын төлөвлөгөөтэй ажиллана. Хэлтсүүд Тамгын газрын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгах асуудлыг холбогдох байгууллага, ажилтны саналыг үндэслэн боловсруулж, 12 дугаар сарын 20-ны дотор ТЗУХэлтэст ирүүлнэ. ТЗУХэлтэс уг асуудлуудыг нэгтгэн боловсруулж 01 дүгээр сарын 01-ний дотор Тамгын газрын даргаар батлуулан, хяналт тавьж ажиллана. Энэ чиглэлд шаардлагатай асуудлаар улирал тутам тодотгол хийж байна.

3.1.7 Хэлтсийн хариуцах ажил, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтоор хүлээх үүргийг комисс томилон нарийн тогтоож  боловсруулан мөрдөх бөгөөд энэ нь байгууллагын бизнес төлөвлөгөө, хуулиар хүлээсэн үүрэг, засаг даргын бүрэн эрх, нийтлэг бүрэн эрхтэй нягт уялдсан байна. Хэлтэс, албад нь улирал бүр зөвлөгөөн хийж ажилтнуудынхаа ажлыг дүгнэж тайланг гаргуулж, хувийн хэрэгт хадгална.

3.1.8. Авто машинаар /аймгийн Засаг даргын албан тушаалын автомашинаас бусад/ Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Хэлтэс, Тасгийн дарга, мэргэжилтнүүдэд үйлчлэх ажлыг тусгай журам гарган зохицуулна.

3.1.9. Ажилтнуудын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээ нь үндсэн болон улирлын гэсэн хоёр хэлбэртэй байна. Үндсэн үнэлгээг Тамгын газар жилд нэг удаа, улирлын үнэлгээг Хэлтэс, Тасаг, албад, агентлаг улирал тутам хийнэ

3.2. Хэлтэс, Тасгийн үндсэн үүрэг

3.2.1. Тамгын газрын хэлтсүүд харьяалсан салбарынхаа чиглэлийн хууль тогтоомжийг сурталчлан биелэлтэд хяналт тавьж, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна.

3.2.2. Хариуцсан салбарынхаа чиглэлээр төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг бие даан зохион байгуулна.

3.2.3. Хэлтсүүд нь хоорондоо ажлаа уялдуулж зохицуулсан жил, улирал, сарын ажлын төлөвлөгөөтэй ажиллаж улирал, жилээр ажлаа тайлагнана.

3.2.4. Хэлтэс, тасгийн дарга, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан тэдний амьдрал, ахуйн нөхцөлийг сайжруулахад байнга анхаарч холбогдох арга хэмжээг авна.

3.2.5. Хэлтэс, тасаг нь ажилтнуудынхаа мэдлэг чадвар, ажлын арга барил, сахилга зохион байгуулалтыг дээшлүүлэх, ажлын болон амьдрал ахуйн нөхцлийг сайжруулж нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар санаа тавьж, санаачилга гарган ажиллана.

3.3. Ажилтны үндсэн үүрэг

3.3.1. Хууль тогтоомж, дотоод журам болон бусад дүрэм, зааврыг чанд сахиж, үнэнч шударга хөдөлмөрлөн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж бүтээлч санаачилгатай  ажиллан, хууль эрхийн болон ажил хэргийн мэдлэг арга барилаа байнга дээшлүүлж ажиллана.  

3.3.2. Ажлын байр болон хариуцсан эд хөрөнгийг хайр гамтай эзэмшиж, албан хэрэг, ажлын багаж, машин техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг бүрэн хангаж, ажлын байрны эмх цэгц, ариун цэвэрч, соёлч байдлыг дээдлэн эрхэмлэж, төсөв зардлыг хэмнэх, үр ашигтай зарцуулах талаар санаачилгатай ажиллана.

3.3.3. Ажилтан нь Засаг дарга, Тамгын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж гүйцэтгэлийн талаар эргэж мэдээлнэ.

3.3.4. Эрхэлсэн ажлын талаар ажлын байрны хэтийн болон ойрын зорилттой уялдсан жилийн ажлын төлөвлөгөө гарган хэлтсийн даргаар батлуулан мөрдөж ажиллана.

3.3.5. Тамгын газраас зохион байгуулж байгаа нийтийг хамарсан ажилд тогтмол оролцож, хамт олны дунд биеэ зөв авч явж, бусдыг үлгэрлэн ажиллана.

3.3.6. Аливаа ажлын явц, гүйцэтгэлд өөрөө дүгнэлт хийж, илэрсэн дутагдлыг тухай бүр нь арилгахын дээр өөртөө болон бусдад тавих шаардлагыг өндөржүүлэн аймгийн нийт ажлыг сайжруулах талаар асуудал дэвшүүлэн боловсруулж хэрэгжүүлэх талаар санаачилгатай ажиллана.

3.3.7. Боловсруулж байгаа асуудлууд, түүнчлэн нууц материалыг задруулах, алдаж үрэгдүүлэх, албан ажлын чиглэлээр яригдсан асуудлыг гадагш тараах бусдад ашиглуулахаас байнга сэрэмжилж, албан хэрэг хөтлөлтийн зааврыг биелүүлэн улсын албаны нууцыг чандлан сахина.

Дөрөв. Тамгын газар, хэлтэс, ажилтны эрх

4.1.Тамгын газрын эрх

4.1.1. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд тодорхой асуудлаар тушаал шийдвэр гаргана.

4.1.2. Хэлтэс, тасгууд, сумдын засаг захиргааны байгууллагын ажлыг уялдуулан зохицуулж удирдан, удирдамж чиглэлээр хангана.

4.1.3. Агентлаг албад, албан байгууллага, үйлдвэр, аж ахуйн газар, түүний дарга, эрхлэгч нарт тодорхой асуудлаар үүрэг даалгаварыг өгч биелэлтийг хангуулах, ажлыг нь шалгаж дүгнэлт гарган дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахын дээр хариуцлага тооцох, төрийн захиргааны байгууллагын боловсон хүчнийг шилж сонгох, судалж ажилд томилох тухай санал тавьж шийдвэрлүүлэх, сургаж бэлтгэх ажил зохион байгуулан тэднийг шагнаж урамшуулах талаар асуудал боловсруулан шийдвэрлүүлнэ.

4.1.4. Ажил үүрэг гүйцэтгүүлэх, үзлэг шалгалтанд оролцуулахаар хэлтэс, тасаг, агентлаг албадаас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулана.

4.1.5. Тодорхой асуудал дэвшүүлж, боловсруулж шийдвэр гаргуулахаар Засаг даргад санал тавина.

4.1.6. Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ.

4.2. Хэлтэс, тасгийн эрх

4.2.1. Хэлтэс, тасаг нь хууль тогтоомжид заасны дагуу шийдвэр гаргана.

4.2.2. Хэлтэс, тасгийн ажилтнууд болон харъяалах агентлаг алба, албан байгууллагад ажиллах удирдах ажилтнуудыг судалж ажилд авах, хариуцлага тооцох, ажлаас өөрчлөх талаар санал тавина.

4.2.3. Хэлтсийн ажилтнуудын ажил үүргийн хуваарийг гаргаж, биелэлтэнд нь хяналт тавьж, тэдний ажлыг өдөр тутмын удирдлагаар ханган тодорхой асуудлаар үүрэг даалгавар, чиглэл, зааварчилга өгч биелэлт, үр дүнг тооцож ажиллана.

4.2.4. Хариуцсан ажлынхаа чиглэлээр асуудал боловсруулан тамгын газар, засаг даргад тавьж шийдвэр гаргуулна.

4.2.5. Сум, агентлаг, албан газрын дарга эрхлэгч нарт эрхэлсэн ажлынхаа чиглэлээр үүрэг даалгавар өгч, ажлыг нь шалган дүгнэлт гаргана.

4.2.6. Хэлтэс, тасгууд бие дааж буюу хамтарч тодорхой салбар нэгжийн ажлыг шалгахдаа шаардлагатай гэсэн мэргэжлийн ажилтнуудыг татан оролцуулж, мэргэжлийн талаар дүгнэлт гаргуулна.

4.3. Ажилтнуудын эрх

4.3.1. Төрийн захиргааны ажилтнууд холбогдох хууль тогтоомжид заасан эрхийг эдлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллага, үйлдвэр аж ахуйн газарт тамгын газрыг төлөөлөн ажлыг нь шалгаж, зааварлах, холбогдох материалыг шаардаж гаргуулан дүгнэлт хийнэ.

4.3.2. Ажлын доголдол, дутагдлыг арилган, арга барилыг нь дээшлүүлэх үүрэг даалгавар, зөвлөмжийг холбогдох байгууллага, хүмүүст тодорхой хугацаатай өгч биелэлтийг дүгнэнэ.

4.3.3. Хариуцсан ажил, салбарынхаа талаар тодорхой асуудал дэвшүүлэн боловсруулж шийдвэр гаргуулах, биелэлтийг нь тооцуулна.

4.3.4. Сум, байгууллага, хүмүүсийн ажлын ололт дутагдлыг удирдах байгууллага, хүмүүст мэдээлэх арга хэмжээ авахуулах, хэвлэлд нийтлэх, илтгэл сонсголд тусгах, шагнал урамшилд тодорхойлох, зэмлэл шийтгэл хүлээлгэх, хариуцсан салбар, байгууллагын боловсон хүчнийг ажилд томилох, дэвшүүлэх, ажлаас өөрчлөх талаар санал боловсруулж тавина.

Тав. Ажлын цаг, хөдөлмөрийн хөлс

5.1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу долоо хоног ажлын 40 цагтай байна. Ажилтнуудын ажилд ирэх, завсарлах, ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын өдөр дуусах цаг бүртгэлийг хяналтын системээр зохицуулна.

5.2 Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нарын саналыг үндэслэн сарын цагийн балансыг санхүүд гаргаж өгөх ба хэлтсийн дарга нар ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина.  

5.3 Үйлчлэх ажилчдын ажлын эхлэх, дуусах хугацааг нийтлэг үйлчилгээний газрын саналыг үндэслэн Тамгын газрын дарга тусгайлан тогтоож мөрдүүлнэ.

5.4 Ажилтнуудыг ажлын цагаас хожимдох, ажил таслах, ажлын цаг дуусахаас өмнө явах, ажлын цагаар дэмий сэлгүүцэх, цагийг үр бүтээлгүй өнгөрөөх, ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно.

5.5. Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллана.

5.6. Ажилтан өөрөө болон 16 хүртэлх насны хүүхэд, гэр бүл болон шууд асрах хүнээ зайлшгүй шаардлагаар эмнэлэгт үзүүлсэн, амбулториор эмчлүүлсэн, хуулийн байгууллагад гэрч, хохирогчоор дуудагдсаны улмаас ажилдаа байгаагүй хугацааг зохих байгууллага, албан тушаалтны тодорхойлолт, эмнэлэгийн баримт магадлагааг үндэслэн ажил тасалсанд тооцохгүй. Энэ талаар Тамгын газар, хэлтсийн даргад заавал урьдчилан мэдэгдэнэ.  

5.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 103, 104, 105, 160 дугаар зүйлд заасныг үндэслэн нярай хүүхэдтэй эхчүүд, / эцэг/-д тэдний хүсэлтийг харгалзан чөлөө олгоно.  

5.8. Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоно. Ажилтны хүсэлтийг харгалзан зайлшгүй шаардлагатай тохиолдолд орон сууц барих, эд хөрөнгө болон сууц худалдан авах зэрэгт 3 сар хүртэл хугацааны цалин хөлсийг урьдчилан олгоно.

5.9. Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтан, ажилчдын ээлжийн амралтыг Тамгын газраас батласан хуваарийн дагуу жилд нэг удаа олгож биеэр бүрэн эдлүүлнэ. Тухайн хүний ээлжийн амралт эхэлснээс хойш ажлын онцгой шаардлага гарсан тохиолдолд өөртэй нь тохиролцсоны үндсэнд Тамгын газрын даргын зөвшөөрлөөр амралтыг нь 2 хувааж эдлүүлж болно. /2-оос илүү хувааж олгохгүй./ Гэхдээ тухайн жилийн ээлжийн амралтыг уул онд нь багтааж эдлүүлэх бөгөөд урьд оны амралтыг дараа онд нь нөхөн олгохгүй. Амралтыг байгууллагын талаас олгож чадаагүй тохиолдолд  холбогдох хууль тогтоомжоор шийдвэрлэнэ. 

5.10. Төрийн захиргааны албан тушаал, албан үүргийг түр орлон гүйцэтгэвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн ажилтанд 40 хүртэл хувийн нэмэгдэл хөлс олгоно. Ажил орлуулах тухай саналаа Хэлтэс, Тамгын газрын даргад танилцуулж, зохих шийдвэр гаргуулж хэрэгжүүлнэ.

Зургаа. Нийгмийн баталгаа

6.1. Байгууллагын ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт нэгдсэн журмаар оруулна.

6.2. Төсөв хөрөнгийн бодит боломжид тулгуурлан ажилчдыг хямдралтай үнээр хооллох, хоолны мөнгийг тусгай журмаар зохицуулна.

6.3. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан ажилтан, ажилчдад хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна. /Бэлэг дурсгалын хэмжээг тухайн үед нь зохицуулна./ 

6.4. Ажилтны аав, ээж, өвөө, эмээ, төрсөн ах, эгч, дүү, үр хүүхэд, эхнэр буюу нөхөр, хадам аав, ээж, өвөө, эмээ нас барсан тохиолдолд 500.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгож, байгууллагаас унаагаар үйлчилнэ.

а/. Хэрэв эдгээр хүмүүс нь өөр сум, аймаг, хотод амьдарч байсан бол 2 талын унааны зардлыг автобусны билетийн үнээр тооцож нэмж олгоно.

б/. Ажилтан, ажилчид өөрөө буюу ажилтны үр хүүхэд, эхнэр буюу нөхөр,аав, ээж хүндээр өвчилж оршин суугаа газраасаа өөр аймаг, хотод явж эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарвал жилд нэг удаа 300.000 төгрөгийн, мөн ажилтан нас барвал 1.000.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно.

в/. Тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд нас барсан тохиолдолд 200.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно.  

6.5. Ажилтан, албан хаагчид зайлшгүй шаардлагатай тохиолдолд өөрийн хүсэлтээр чөлөө авч болно. 1 хүртэл ажлын өдрийн чөлөөг хэлтэс, тасгийн дарга, 3 хүртэл ажлын өдрийн чөлөөг тамгын газрын дарга, 3-аас дээш ажлын өдрийн чөлөөг Засаг даргад танилцуулж, тамгын газрын дарга тус тус олгоно.

6.6. Ажилтан, ажилчид гэр бүл болох, үр хүүхдээ гэрлүүлэх, хүүхэд төрөх, үрчилж авах, аав, ээж, төрсөн ах, эгч, дүү, үр хүүхэд, эхнэр, нөхөр, хадам аав, ээж нь нас барах, байгалийн гэнэтийн аюулд нэрвэгдэх, өвчтөн асрах зэрэг зайлшгүй шаардлагатай тохиолдлоор ажлын 7 хүртэл өдрийн чөлөө авсан бол цалинтай, ажлын 7-14 хоногийн чөлөө авсан бол цалингийн 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөө олгоно.

6.7 Ажилтан өөрөө буюу үр хүүхэд нь гэр бүл болох, найр хурим хийх, мөн ажилтан шинэ байранд орвол 300000 төгрөг, хүүхэд төрөх, үрчилж авахад байгууллагын зүгээс 200.000 төгрөг болон эд материалын тусламж үзүүлнэ.

6.8 Гэр хороололд амьдардаг албан хаагчдад 5тн түлээ нүүрс татахад үнийн 50 хувийг байгууллагаас хариуцна.

Долоо. Тамгын газрын хурал, зөвлөгөөн, ажилтнуудын дунд зохиогдох соёл хүмүүжлийн ажил

7.1. Тамгын газрын ажилтнуудын зөвлөлгөөнийг жилд нэг удаа хийж, хэлтэс, тасаг, ажилтнуудын ажлын дүн, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, дотоод журмын биелэлт, ажил төрлийн бусад асуудлыг хэлэлцэнэ.

7.2. Нийтийг хамран зохиогдох хурал, зөвлөлгөөн, семинар, цуглааныг Тамгын газрын зөвшөөрөлтэйгээр ТЗУ-ын хэлтэс зохион байгуулна. Ингэхдээ ажлын цагаар явагдах бол бусад хэлтэс, албан газрын ажилд нөлөөлөхгүйгээр бодож зохицуулна.

7.3. Хурал, семинар, зөвлөлгөөнөөр хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэж, төлөвлөсөн дарааллын дагуу аль болох богино хугацаанд үр нөлөөтэй зохион байгуулна.

7.4. Соёл хүмүүжлийн ажил, урлагийн болон биеийн тамир спортын уралдаан тэмцээнд байгууллагын төсвөөс зохих хөрөнгийг зарцуулна.

7.5. Ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал, соёл урлаг, спорт, эрүүл мэндийн асуудлын дагуу ажил зохион байгуулах Тусгай үүргийн зөвлөл ажиллуулна. Албан хаагчдын хамтын сангийн хөрөнгийн зарцуулалтыг Тусгай үүргийн зөвлөлийн ажиллах журмаар зохицуулна.

Найм. Томилолт олгох ба дүгнэх

8.1. Албан хаагчид нь албан томилолтоор ажиллахдаа гүйцэтгэх ажил үүргийн удирдамжийг шууд удирдах албан тушаалтнаар батлуулсан байна. Энэ үндсэн дээр албан томилолт, зардлын урьдчилгаа олгоно. Гүйцэтгэх ажлын удирдамжгүйгээр томилолт, зардлын урьдчилгаа олгохыг хориглоно.

8.2. Томилолтоор ажиллагсад гүйцэтгэх ажил үүргийн удирдамжийг бүрэн биелүүлэх үүрэгтэй бөгөөд томилолтыг уг ажилтан өөрийн үндсэн ажлаар явахад тамгын газарт танилцуулан Тамгын газрын даргаас авна.

8.3 Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, байгууллагын Тэргүүний ажилтан шалгаруулан урамшуулна.

8.4. Үнэнч шударга хөдөлмөрлөж бүтээлч санаачилгатай ажилласан ажилтанг байгууллагын зардлаар амралт, рашаан сувилалд амруулах, аялал жуулчлалаар явуулах, сургууль, курст суралцуулах, нийгмийн асуудалд нь эхний ээлжинд анхаарч дэмжлэг үзүүлэх зэрэг урамшуулал үзүүлнэ.

8.5. Сахилгын шийтгэл хүлээж, шийтгэлийн хугацаа дуусаагүй ажилтнууд энэ шагнал урамшуулалд хамаарагдахгүй.

Ес. Сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

9.1. Хөдөлмөрийн сахилга зөрчсөн, үр дүнгийн гэрээний үүргээ биелүүлээгүй ажилтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлтэс, албадын саналыг үндэслэн тамгын газрын даргын шийдвэрээр хариуцлага оногдуулна.                 

9.2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа болон амралтын хоногийг хэтрүүлбэл тэр хугацааг ажил тасалсанд тооцож сахилгын шийтгэл ноогдуулна.

9.3. Ажилтан, ажилчдаас ажилдаа согтуу ирсэн, ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн, гудамж талбай, олон нийтийн газар үлгэргүй байдал гаргасан, эрүүлжүүлэгдсэн тохиолдолд тэдгээрийг ажил тасалсанд тооцох бөгөөд “Төрийн албаны тухай” болон “Хөдөлмөрийн хууль”-д заасан сахилгын шийтгэл ноогдуулах шаардлагатай гэж үзвэл төрийн захиргааны ажилтныг төрийн албанаас 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах, /Төрийн үйлчилгээний ажилтан, ажилчдын хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж ажлаас халах/ хүртэл арга хэмжээ авна.

9.4. Ажил дээрээ хүч бололцоогоо бүрэн дайчилдаггүй, ажилдаа идэвх санаачилгагүй хандсан ажилтанд хэлтсийн дарга анхааруулга өгнө. Хэлтсийн даргын анхааруулга нь цаашид уг ажилтанд сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болно.

9.5. Сахилгын арга хэмжээ авагдсан ажилчин, албан хаагчдад нь ажил хөдөлмөртөө амжилт гарган нэг жилийн дотор дахин зөрчил дутагдал гаргаагүй бол урьдах шийтгэлийг арилгасанд тооцно.

Арав. Дотоод журмыг хэрэгжүүлэх талаар

10.1. Шинэчлэн найруулсан энэ дотоод журам батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж тамгын газрын ажилтнууд хэлбэрэлтгүй дагаж мөрдөнө.

10.2. Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж болон тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, орон тооны өөрчлөлт, аппаратын ажлыг боловсронгуй болгон сайжруулах шаардлагаас үндэслэн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хамт олны саналыг авсны үндсэн дээр шийдвэрлэнэ.

 

СҮХБААТАР АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР