Аудитын дүгнэлт

Хууль тогтоомж

                                                                                    Аймгийн Засаг даргын  Тамгын Газрын     даргын  

                  2014 оны …  дугаар тушаалын хавсралт   

      ТУСГАЙ ҮҮРГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Тусгай үүргийн зөвлөл нь  Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журамд заасан ажилчдын нийгмийн баталгаа, соёл урлаг, спорт, эрүүл мэндтэй холбоотой бүрэн эрхийн хэрэгжилтийг хангахад зохион байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах ба дээрх хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно. Мөн түүнчлэн ЗДТГ-ын даргыг ажиллах чиг үүргийн дагуу мэдээллээр хангаж, үйл ажиллагаанд нь туслан гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

1.2.Тусгай үүргийн зөвлөлийн  бүрэлдэхүүнийг  байгууллагын албан хаагчдын зөвлөлгөөнөөр хэлтэс бүрийн төлөөллийг оролцуулан  9-18  хүний  бүрэлдэхүүнтэй байгуулахаар  хэлэлцэн нэр дэвшүүлж, ЗДТГ-ын даргын тушаалаар бүрэлдэхүүн, ажиллах журмыг батална.

1.3.Зөвлөлийн  гишүүдийн  саналыг үндэслэн зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг томилно. 

1.4. Байгууллагын удирдлагаас Зөвлөлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай техник хэрэгсэл, бичиг хэргийн материал, зохион байгуулах ажлын төсвийг шийдвэрлэж, эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь  туслана.

Хоёр. Тусгай үүргийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн эрх, үүрэг

2.1.Зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг боловсруулан Тамгын газрын даргаар баталгаажуулан хэрэгжүүлж, биелэлтийг улирал тутам тооцож, зөвлөлийн хуралдаанд танилцуулан хэрэгжилтийг хангуулах, жилийн эцсийн тайланг бэлтгэн бүх албан хаагчдын хуралд танилцуулах,

2.2.Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдаанаас гарсан шийдвэрийг албажуулах, холбогдох этгээдэд хүргүүлэх;

2.3.Зөвлөлийн архив, бичиг хэргийн  асуудлыг эрхлэх; 

2.4.Төсвийн зарцуулалтанд хяналт тавих, дундын сангийн хөрөнгийг төлөвлөсөн ажилд зарцуулах; 

2.5.Тусгай үүргийн зөвлөлийн дарга эзгүй байх үед ажлын үүргийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцах; 

2.6.Зөвлөлийн гишүүн нь доорх эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

2.6.1.Зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх;             

2.6.2.Энэхүү журамд заасан  зөвлөлийн эрх, үүрэгт хамаарах асуудлаар салбар зөвлөлийн хуралдаанд асуудал оруулж хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх; 

Гурав.  Тусгай үүргийн зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

3.1.Тусгай үүргийн зөвлөл нь жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө батлан ажиллах бөгөөд уг төлөвлөгөө нь энэхүү журамд заасан зөвлөлийн үүргийг хэрэгжүүлэхэд болон байгууллагын албан хаагчдад хамаарах тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ.   

3.2.Зөвлөл нь хамтын удирдлагын байгууллага бөгөөд үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

3.3.Зөвлөлийн Хуралдааны дэгд доорх асуудлыг заавал тусгана:

3.3.1.Зөвлөлийн хуралдаан тогтмол хийх өдрийг тогтоож, хуралдааныг түүний даргын, эсхүл гишүүдийн олонхийн саналаар зарлан хуралдуулах;            

3.3.2.Гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох;

3.3.3.Хуралдаанд  зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах эрхтэй оролцох бөгөөд асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, хуралдаанаас гарсан шийдвэр /тогтоол/-т Зөвлөлийн дарга гарын үсэг зурна. Хэрэв дарга өөр саналтай байсан ч олонхоороо шийдсэн асуудалд гарын үсэг зурна.

3.4.Тусгай үүргийн Зөвлөл нь 4-н салбар зөвлөлтэй байх бөгөөд салбар зөвлөл бүр 3-4 гишүүнтэй байна  Үүнд:

  • Эрүүл мэндийн салбар зөвлөл
  • Соёл урлагийн салбар зөвлөл
  • Нийгмийн асуудал хариуцсан салбар зөвлөл
  • Биеийн тамир спорт хариуцсан салбар зөвлөл

3.5.Сар бүрийн эхний долоо хоногийн 3 дах өдөр салбар зөвлөлийн дарга нар, улиралд нэг удаа тусгай үүргийн зөвлөлийн нийт гишүүдийн хурал тус тус хуралдана.  

Дөрөв. Зөвлөлийн үйл ажиллагааг тайлагнах

4.1.Тусгай үүргийн зөвлөл нь аймгийн ЗДТГ-ын даргын өмнө ажлаа шууд хариуцах бөгөөд тухайн жилийн үйл ажиллагааны хагас жилийн явцын тайланг 7 дугаар сарын 01-ний дотор, бүтэн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор,  ахиц дэвшлийн тайланг 2 жил тутам тус тус гаргаж байгууллагын албан хаагчдад танилцуулж байна.

Тав. Зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт

5.1.Зөвлөлийн тухайн жилийн  үйл ажиллагааны  төсвийг  хамтын сан болон Засаг даргын Тамгын газрын төсөвт тусгах замаар санхүүжүүлнэ. Үүний тулд Зөвлөл нь үйл ажиллагааныхаа жилийн төсвийн саналыг боловсруулж, байгууллагын төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулна. Байгууллагын зүгээс төлөвлөсөн ажилд гаргах зардлыг тухай бүрт нь шийдвэрлэж байна.

5.2.Албан хаагчдын зөвлөгөөнөөр “Хамтын сан”-гийн хуримтлалын хэмжээг тогтоож тусгай дансанд төвлөрүүлнэ.

5.3.Жилийн батлагдсан төлөвлөгөө төсвийн дагуу дундын сангийн хөрөнгийг дор дурдсан үйл ажиллагаанд зарцуулна.  Үүнд:          

            5.3.1. ЗДТГ-ын даргаар баталгаажсан салбар зөвлөл тус бүрийн тухайн жилд төлөвлөсөн  үйл ажиллагаанд (хамтын сангийн эх үүсвэрээс хийгдэхээр тусгасан ажлуудад)

            5.3.2.Албан хаагч  / өөрийн хүүхдээ  сахиж/ эмнэлэгт хэвтсэн тохиолдолд жилд нэг удаа 40000 төгрөг

            5.3.3.Дундын сангийн төсвөөс 5 хүртлэх  хувийг эрсдлийн сан байдлаар хуримтлуулна.

            5.3.4.Зарцуулагдаагүй үлдсэн болон эрсдлийн сангийн хуримтлалыг тусгай үүргийн зөвлөлөөр хэлэлцэн олонхийн саналаар зайлшгүй шаардлагатай ажилд зарцуулж болно.

          5.3.5.Дээрхээс бусад арга хэмжээнд хамтын сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглоно.

5.4.Хамтын сангийн хөрөнгийг тусгай үүргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцах бөгөөд дундын сангаас бэлнээр мөнгө гаргах /төлөвлөсөн ажлын дагуу/,  мөнгөний зарцуулалтыг тухай бүр хөтлөн хянаж, улирал бүр ТҮЗ-д тайлагнан, жилийн эцэст аппаратын зөвлөгөөн дээр дэлгэрэнгүй тайланг тавих ажлыг мөн хариуцан гүйцэтгэнэ.

5.5.Тусгай үүргийн зөвлөлийн дарга болон салбар зөвлөлийн дарга нар хамтын сангийн зарцуулалтанд  хяналт тавина.

Зургаа. Хариуцлага

          6.1.Хэрэв Тусгай үүргийн зөвлөлийн  гишүүн зөвлөлийн өмнө хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа биелүүлээгүй, мөн ажлын хариуцлага алдсан тохиолдолд хариуцлага тооцуулах тухай саналаа зөвлөлийн даргаар дамжуулж Тамгын газрын даргад хүргүүлж шийдвэрлүүлж байна.

Долоо. Бусад

            7.1.Энэхүү журмын холбогдох заалтууд тусгай үүргийн зөвлөлийн салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанд нэгэн адил хамаарна.

---оОо---