Мэдээ мэдээлэл (122/143)

Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөгөөн болно

Хилийн тухай хуулийн 38, 39 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигаар батлагдсан “Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам”-ыг үндэслэн аймгийн Засаг даргын 2017 оны А/21 тоот захирамжаар Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгууллаа. Зөвлөлийн орлогч даргаар Хилийн 0146 дугаар ангийн захирагч, Хилийн 0184 дүгээр ангийн захирагч, гишүүдэд Хууль зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цэргийн штаб, Аймгийн прокурор, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Эрүүл мэндийн газар, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК-ийн Сүхбаатар аймаг дахь газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн хэлтэс, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь албаны дарга, захирагч нар Эрдэнэцагаан, Онгон, Наран, Дарьганга Баяндэлгэр сумдын засаг дарга нар, Нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Зөвлөл иргэдийг хил хамгаалалтад оролцуулах, хил орчмын нутаг дэвсгэрт хууль сурталчлах, хэрэгжүүлэх, хилчид иргэдийн харилцааг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөнийг 01 дүгээр сарын 27-нд Баруун-Урт хотод зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд Хилийн 0146 дугаар анги, Хилийн 0184 дүгээр ангийн захирагч нар, хилийн сумдын Засаг дарга, багийн дарга нар болон зөвлөлийн гишүүд оролцоно. Зөвлөгөөнийг улсын хил хамгаалалтад сайн дурын үндсэн дээр оролцох иргэдийг ажил үйлдвэрлэл явуулж буй байрлалаар нь байнгын болон түр хугацаагаар хил хамгаалалтад туслах хүч болгон зохион байгуулах, Монгол Улсын иргэн хилийн тухай хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах зорилгоор зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд улсын хил хамгаалалтын үр дүн, хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, гишүүдийн 2016 онд хийсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон Хил хамгаалалтад туслах хүний зөвлөлөөс 2017 онд хийх ажил, цаашид баримтлах бодлогын талаар ярилцана.