Мэдээ мэдээлэл (124/143)

Аймгийн Засаг даргын захирамжаар Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж, ололт амжилт, тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлуудыг хэлэлцэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ чиглэлээ тодорхойлдог. Өнөөдөр уг зөвлөгөөнийг Баруун-Урт хотод зохион байгуулж, зөвлөлийн гишүүд болон хилийн сумдын Засаг дарга нар болон багийн дарга нар, хууль хүчний байгууллагын ажилтан, албан хаагчид оролцлоо. Манай аймгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 474 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг. Хилийн 0146, 0184 дүгээр анги нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр сумын нутагт улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл нь хил хамгаалалт, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дээрх ангиуд, сумдын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлүүдтэй хамтран тодорхой ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж ажилладаг бөгөөд хилчид иргэдийн харилцаа жил ирэх тусам өргөжин сайжирч, хил хамгаалалт, хилчдийн нийгмийн хамгаалал улам бүр бэхжиж, хилийн анги, салбар, орон нутгийн хөгжил дээшилж байна.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатар зөвлөгөөний үеэр тавьсан илтгэлдээ,

  • Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, сумдын туслах хүчний зөвлөлүүдийн ажлыг эрчимжүүлэх
  • Хил хамгаалалтыг сайжруулж, хилийн инженерийн байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, хил хамгаалалтад орчин үеийн тоног төхөөрөмж ашиглахад дэмжлэг үзүүлэн, хилийн зөрчил, хил дамнасан малын хулгайг таслан зогсоох ажлыг зохион байгуулах
  • Улсын хилийн 100 км өргөст утсан торыг стандартын шаардлагад нийцүүлэн шинэчилж, хилийн хэсэгт худаг ус гарган хилчдийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны устай болгох нөхцөл боломжийг судлан шийдвэрлэх
  • Аймгийн Сайн малчин шалгаруулах журамд тусгагдсан улс, аймгийн сайн малчин болох иргэн нь хил хамгаалалтад зориулж 2-оос доошгүй агт уналга бэлэглэсэн байх хэрэгжилтийг ханган ажиллах
  • Хилийн сумдын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн болон хилийн зурваст нутаглаж буй иргэдийн уулзалт зөвлөгөөнийг тусгай төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • Улсын хил хамгаалалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн нисгэгчгүй дроноор хилийн бүсийг хянах боломжийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлэн хилийн заставуудыг 3 квт-ын нарны зайн эрчим хүчээр хангах
  • Хилчдийн ажиллаж амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх, орон нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхэд ач холбогдол бүхий Хил орчмын худалдааг дэмжин өргөжүүлэх зорилгоор хилийн боомт, хил орчмын дэд бүтцийг сайжруулж, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн гадаад хөрөнгө оруулалт татахад нэгдсэн бодлогоор дэмжиж зохион байгуулалтанд оруулан Бичигт-Зүүн хатавчийн боомтоор дамжуулан хөдөө аж ахуйн гаралтай гүн боловсруулсан  бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүн түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх
  • БНХАУ-ын Ляонин мужийн Жинжөү боомтоос Шилийн гол аймгийн Зүүн хатавчын боомт хүртэл төмөр замаар холбогдсон таатай нөхцөлийг үндэслэн  Бичигт боомтоос Баруун урт  хүртэлх 272 км авто замын ажлыг хурдасгах ажлын хэсэг байгуулж шат дараалсан арга хэмжээ авах 
  • Аймгийн Засаг даргаас хил хамгаалах байгууллагатай харилцах асуудлыг зохицуулах, хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн дунд эрх зүйн сургалт явуулах, хууль тогтоомж сурталчлах, үр дүнг тооцон ажиллахыг Хууль зүйн хэлтэс хариуцан тусгайлсан чиг үүрэг бүхий / хуулийн / байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллах,
  • Аймгийн төвийн болон сумдын аж ахуйн нэгж байгууллагууд, хилийн 0146, 0184 дүгээр ангиуд, түүний салбаруудтай шефийн холбоо тогтоож, гэрээ байгуулан хамтран ажиллах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Хилчид, ХХТХГишүүдэд нарийн  мэргэжлийн эмч нарийн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тусгай үйлчилгээ үзүүлэх
  • Хилийн зурваст нутаглах иргэдтэй хилийн анги, сумын Засаг даргын тамгын газар гурвалсан гэрээ байгуулан зөвшөөрөл олгож ажиллахын зэрэгцээ гэрээний заалт, бүс нутагт мөрдөх журмыг удаа дараа зөрчсөн иргэдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллах зэрэг чиглэлээр ажил зохион байгуулж ажиллана” гэж хэллээ.

Хилийн 0146 дугаар ангийн захирагч, хурандаа П.Мөнхбаатар Улсын хил хамгаалалтын үр дүн, хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, гишүүдийн 2016 онд хийсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Хилийн 0184 дүгээр ангийн захирагч, хурандаа Х.Гантулга УИХ-ын чуулганы 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Монгол Улсын Хилийн тухай хуулийн танилцуулга хийлээ. Зөвлөгөөнд тусгайлсан чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон хил хяналт, орон нутгийн харилцан ажиллагаатай байгууллагууын удирдлагууд оролцож, хил хамгаалалтад хамтран ажиллах талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгууллаа.