Мэдээ мэдээлэл (126/141)

Хонины цэцэг өвчний вакцинжуулалтыг хийж дуусчээ

Манай аймагт малын гоц халдварт цэцэг өвчин 2015 оноос голомтлон гарч байна. Тухайлбал, 2015 онд 5 сумын 8 голомтонд 162 хонь, 2016 онд 11 сумын 48 голомтонд 832 хонь өвчилж байжээ. 2017 он гарсаар Мөнххаан, Түвшинширээ сумын 6 голомтонд 32 өрхийн 843 хонь ил шинж тэмдэгээр өвчилж, 837 хонийг устгаж, 6 хонийг зориудаар нядалж дээж авсан байна. 2017 оны 1 дүгээр сарын 4-нд анхны шинж тэмдэг үзэгдэж, УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр батлагдсанаар аймгийн Засаг даргын А/04 тоот захирамжаар бүх суманд малын эрүүл мэндийн үзлэг хийх, мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай хориглосон арга хэмжээ авсан. Гоц халдварт өвчин оношлогдсон хоёр суманд Мал эмнэлгийн нөөцөд байсан 6.1 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн дулаан хувцас, халдвар хамгааллын хувцас, автомакс, нэг удаагийн тариур, ариутгалын спирт, ариутгал халдваргүйтгэлийн бодис зэргийг шуурхай нийлүүлэн ажиллаж байна. Мөнххаан суманд 211.0 мянган тун, Түвшинширээ суманд 23.0 мянган тун вакцин нийлүүлж, вакцинжуулалтын ажил хийгдэж байна. Мөнххаан сумын нийт хонийг вакцинжуулахаар малын их эмчээр ахлуулсан 17 хэсэг гарч, 1 дүгээр сарын 11-нээс 10 хоногийн хугацаанд 192532 толгой хонь тарьж, 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Түвшинширээ сумын голомтын бүсийн 22000 толгой хонийг вакцинжуулах ажлыг 4 малын их эмчтэй ажлын хэсэг гарч, 22763 толгой хонь буюу 98.2 хувийн гүйцэтгэлтэй хийгдээд байна. Мөн өөрийн аймагт отроор яваа болон гадны аймагт өвөлжиж байгаа малчин өрхийн болон тавиул малын судалгааг гаргаж, масс вакцинжуулалт зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байна. Аймгийн Онцгой комиссоос Мөнххаан, Түвшинширээ сумдад ОБГ, МХГ, ХХААГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулж, хонины цэцэг өвчинтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Өвчин гарсан сумдтай хил залгаа аймаг сумдад гоц халдварт өвчин оношлогдсонтой холбоотойгоор өвчтэй бүс нутгийн чиглэлд мал, хүн, тээврийн хэрэслийн хөдөлгөөн хийхгүй байх талаар мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна.