Мэдээ мэдээлэл (128/143)

Малын гоц халдварт шүлхий өвчин Эрдэнэцагаан, Асгат суманд гарч, 4 голомтонд 154 мал өвчилж, 144 малыг устгаад байна. Өвчилсөн малын дотор үхэр 123, хонь 27, ямаа 4 байна. Шүлхий өвчнийг нэн даруй дарах олон улсын шалгарсан гурван аргад өвчний шинж тэмдэгтэй бүх малыг устгах болохыг Улсын мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг ярьж байна. Гэвч малчдын малаа устгуулах талаар хойрго хандах хандлага болон өвчний тархалт нийгэм, эдийн засгийн хохиролыг ухамсарлахгүйгээс өвчний голомт бүрэн арилахгүй байгааг онцолж байлаа. Мөн ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга П.Баттогтох "Олон жил адуулж хариулж, өсгөсөн малаа устгуулах нь малчдад хүнд тусах ч өвчин дэлгэрвэл энэ нь улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд асар их хохирол учруулна гэдгийг эрхэм малчид ойлгон ухаараасай. Таны малд илэрсэн гоц халдварт өвчин нэг аймаг төдийгүй, нэг улсын нийт малд тархсанаар 3 сая хүний амьдрал, улсын хөгжил зогсонги байдалд очих эрсдэл бий" гэдгийг онцгойлон анхааруулж байна.

Малчид, мал бүхий иргэд мал мах худалдан борлуулах талаар хууль хяналтаа нарийн сахиж, хорио цээрийн дэглэмийг чинад сахиж, иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна. Сахилга хариуцлагыг ч төрийн албан хаагчдыг онцгой анхаарахыг хариуцлагатайгаар мэдэгдсэн юм. Цөөн хэдэн хүний хариуцлагагүй үйл ажиллагаа бүхэл бүтэн улсын нэр хүнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, малын гоц халдварт өвчин тархах эрсдэл өндөрсөж буйг Сүхбаатар аймагт ажилласан Улсын Онцгой комиссын төлөөлөгчдийн анхааруулсан юм. Өнгөрсөн оны 11-р сард хийгдсэн шүлхий өвчний вакцины урьдчилан сэргийлэх хугацаа дуусаагүй байхад дахин гарч байгаа нь хувийн мал эмнэлгүүдийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой хэмээн онцоллоо. Тухайлбал малын эмч нар вакцинаа найруулж малчдад орхисноос тухайн малчин вакциныг малдаа бүрэн гүйцэд хийгээгүйн улмаас ийнхүү өвчний голомт Сүхбаатар аймгаас салахгүй байгаа хэмээн Улсын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга П.Ганхуяг аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр хэллээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт гоц халдварт шүлхий өвчний голомтод 2000 гаруй мал байгаа юм.

Саяхан Сүхбаатар аймагт гарсан малын цэцэг өвчний дэгдэлт ч мөн адил аль аль талын хариуцлагагүй цалгар байдлаас үүдэн гарсан гэдгийг ч тэд онцолсон юм. Малчид малаа эрүүлжүүлэх талаар хойрго хандаж, зөвхөн малын эмч, төрийн албан хаагчдын үүрэг мэт хандаж байгаа нь гоц халдварт өвчний эрсдлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгож байна гэдгийг Улсын Онцгой комиссынхон хэлж байна. "Мал сүрэг бол Үндэсний баялаг мөн" хэмээн Үндсэн хуулиндаа зааж, аливаа халдварт өвчин эрсдэлээс сэргийлэхэд төр оролцдог ч малчдын хувьд өмчөө авран хамгаалах, бусдын малд өвчин халдварлуулахгүй байх талаар ухамсар мэдлэг нимгэн байгаа нь үүсээд байгаа нөхцөл байдлаас харж болох юм. Учир нь малчид гоц халдварт өвчин туссан малыг устгах гэж очсон ажлын хэсгийнхэнтэй үл ойлголцож, устгах ажлыг эсэргүүцэж буй үйлдэл гарч байгаа нь өвчний голомтыг таслан зогсооход хүндрэл үүсч буй юм. Тиймээс Сүхбаатар аймагт удаа дараа гарч буй малын гоц халдварт өвчний голомтыг устгахад бодлого боловсруулж хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч төдийгүй малчид хариуцлагтай хандаж, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллахыг Улсын Онцгой комиссын зүгээс анхааруулж байна.

Мал амьтны гоц халдварт өвчин гарсан үед ариутгал халдавргүйтгэлийн болон хөдөлгөөнт постуудад цагдаа, Онцгой байдлын алба, МХЕГ, мал эмнэлгийн ажилтнууд цаг наргүй ажиллаж, өвчнийг тархаахгүй байх талын бүх арга хэмжээг авч ажиллаж буй. Тэнд ажиллаж буй хүмүүсийн ар гэр, өөрсдийнх нь эрүүл  аюулгүй байдал баталгаатай биш гэдгийг Цагдаагийн газрын дарга хэллээ. Иймээс нийт иргэд, малчид та бүхэн иргэнийхээ үүргийг биелүүлж, малын гоц халдварт өвчнийг нэн даруй устгаж, голомтгүй бүсэд амьдрахын төлөө иргэний үүргээ биелүүлж, төр иргэн хоорондын  харилцан ойлголцлын үндсэн дээр хамтран ажиллахыг уриалж байна.