Мэдээ мэдээлэл (129/141)

Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна

Төр нийгмийн нэр зүтгэлтэн, их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Манай аймаг 1942 онд байгуулагдахдаа "Жавхлант шарга" нэртэй байсан бөгөөд Д.Сүхбаатарын насан эцэслэсний 20 жилийн ойгоор буюу 1943 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 05 тоот тогтоолоор Сүхбаатар аймаг гэж нэрлэгдсэн юм. Их жанжнаар овоглосон аймгийн хувьд төр нийгмийн нэрт зүтгэлтнийхээ ажил үйлс, хөдөлмөр зүтгэлийг нэхэн санах, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор ойн энэ өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан олон үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, цэргийн ангиудын бие бүрэлдэхүүн, иргэд оролцлоо. Цэцэг өргөх ёслолын үеэр цэргийн алба хаагчид жагсаалын үзүүлэх тоглолт сонирхууллаа. Өнөөдөр мөн Угсаатны зүйн музейд Д.Сүхбаатарын нэрэмжит үзэсгэлэн, Биеийн тамир, спортын газар Хийн буудлагын тэмцээн зохион байгуулагдана.