Мэдээ мэдээлэл (133/161)

Сүхбаатар аймаг 2016 онд жилийн эцсийн мал тооллогоор 3 сая 29,7 мянган мал тоолуулсан. Тэгвэл Бичин жилийг үдэж Тахиа жилийн босгон дээр Улсын Аварга, Хошой Аварга, Алтан төлийн эзэд шагналаа гардан авлаа. Аймгийн Засаг дарга З.Энхтөрөөр ахлуулсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Аймгийн ИТХ-ын дарга Б.Гансүх нарын бүрэлдэхүүнтэйгээр 02-р сарын 22 - 24-ний хооронд малчдын хотонд нь очиж Засгийн газар, аймгийн орон нутгийн шагналуудаа гардуулан өглөө. Энэ онд Монгол Улсын хэмжээнд 108 Аварга малчин, 5 хошой аварга малчин 24 Алтан төлийн эзэд тодорсон. Манай аймгийн хувьд Монгол Улсын Хошой Аварга малчин 1, Аварга малчин 3,  Алтан унаганы эзэн 3, Алтан хурганы эзэн 1 тодорлоо. Монгол Улсын хошой Аварга малчинаар Баруун-Урт сумын Гочоогийн Батнасан, Монгол Улсын аварга малчинаар Түвшинширээ сумын Шагдарсүрэнгийн Даваабаатар, Уулбаян сумын Батмөнхийн Бадамдорж, Халзан сумын Рагчаагийн Ооёо, Алтан унаганы эзэдээр Баяндэлгэр сумын Лхамжавын Амарсайхан, Уулбаян сумын  Жавзангийн Эрдэнэ, Баруун-Урт сумын Баяраагийн Баттөр, Алтан хурганы эзэнээр Халзан сумын Жамъянцэрэнгийн Наранбаатар нар тодорч аймаг, сум орон нутгийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа. Мөн Уулбаян сумын малчин Зандар Монгол Улсын Гавъяат малчин цол хүртлээ. 1989 оноос хойш “Улсын сайн малчин” гэж нэрлэж байсан бол энэ жилээс “Улсын Аварга малчин” хэмээн нэрлэх болж Улаан халзтай гэр барьж өгч байгаагаараа онцлог байлаа.