Мэдээ мэдээлэл (138/141)

Засаг дарга 0338-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа

2017 оны 03-р сарын 18 буюу энэ долоо хоногийн Бямба гарагт Монгол цэргийн өдөр буюу Орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 96 жилийн ойн өдөр тохиож байгаа. Үүнтэй холбогдуулж аймгийн Цэргийн штабын зүгээс олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг бол аймгийн Засаг даргын тамгын газрын бүх ажилчдыг зэвсэгт хүчний 0338-р ангийн үйл ажиллагаатай танилцуулсан явдал байлаа.

Анги үүсэн байгуулагдсан түүхэн товчоо, цэрэг эрсийн энгийн үед болон шуурхай үед ашигладаг хэрэгсэл, зэвсэг, техник хэрэгсэл, авто машин зэргийг дэлгэн үзүүлсэн юм.

Аймгийн засаг дарга З.Энхтөр 0338-р ангийн алба хаагч, ажилчдад "Баярын өдрийн мэнд"-ийг хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсч ангийн хамт олонд дурсгалын зүйл гардуулж хоёр байлдагчид дурсамж хадгалуулсан юм.

03-р сарын 17-ны өглөө 10 цагт Сүхбаатарын талбайд цэцэг өргөж, Тамгын газрын хурлын зааланд баярын хурал хийж шагнал гардуулснаар Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны баярын арга хэмжээ үргэлжилнэ. 

Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ.

Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.