Мэдээ мэдээлэл (142/175)

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацаа ирэх оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болох гэж  буйтай холбоотойгоор аймгийн хэмжээнд иргэдийн оршин суугаа газраа өмчилж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор газар өмчлөх аяныг зарлажээ. Учир нь тус аймгийн хэмжээнд газар өмчлөлийн ажил хангалтгүй хэмжээнд байгаа юм.

Газар өмчлөх хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэтэл Сүхбаатар аймгийн хэмжээнд хууль хэрэгжиж эхэлсэн оноос хойш өнөөг хүртэлх хугцаанд 918 иргэн гараа өмчилж авчээ. Энэ нь нийт хүн амын 15.3 хувийг эзэлж байгаа юм. Үндсэндээ хууль хэрэгжиж эхэлснээс хойш газар өмчлөлийн ажил жилд нэг хувийн гүйцэтгэлтэй буюу хангалтгүй хийгдэж ирсэн байна. Тиймээс энэ ажлыг эрчимүүлж, аяны хугацаанд газраа олон жил ашиглаж, эзэмшиж байгаа иргэдийн газрыг өмчлүүлэн гэрчилгээжүүлэх юм.

Аян хэрэгжүүлэх ажлын хэсэг Сүхбаатар суманд ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийн өргөдлийг хүлээн авч Ланд менежер программд бүртгэн засаг даргын захирамж гаргуулан кадастрын зураг, мэдээллээр үйлчлэх, газрын үнэлгээний бүсийн хил заагийг шинэчлэн тогтоох, бичиг баримт цэгцлэх гээд газрын маргаантай холбоотой олон асуудлыг шийдвэрлэх аж. Тэд хоёр сарын хугацаанд бүх сумдад ажиллаж, иргэн тус бүрт хүрч үйлчлэх юм.

Аян 2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

                                                    Эх сурвалж: montsame.mn