Мэдээ мэдээлэл (156/164)

АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүд аймаг, орон нутгуудад ажиллаж байгаа. Зүүн аймагт ажиллах ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймагт ажиллаад Сүхбаатар аймагт хүрэлцэн ирээд байна. Тэд 2016 онд УИХ-аар батлагдсан авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах юм. Орон нутгийн түвшинд сум хөгжүүлэх сан болон бусдаас хууль бусаар хандив тусламж авах зөрчлүүд нийтлэг илэрч байгааг хэллээ.

“Өмнө нь АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байсан ч энэ удаад илүү өргөн хүрээтэй явж байна. Авилгын эсрэг хууль хэрэгжээд 10 гаруй жил боллоо. Энэ хууль хөдөө орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаатай бид танилцаж байна. Ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймагт ирэхээсээ өмнө зүүн бүсийн хоёр аймаг, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт суманд ажиллаад ирлээ. Энэ үеэр Сум хөгжүүлэх сантай холбоотой, Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн хэд хэдэн тохиолдол илэрлээ. Мөн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг зөрөх, албан байгууллагуудаас хууль бусаар хандив тусламж авах асуудал бас орон нутагт нийтлэг гарч байна. Тиймээс бид зөрчлийг газар дээр нь арилгах, холбогдох заавар зөвлөмжийг өгөх ажлыг мөн давхар гүйцэтгэж байна. Орон нутагт ажилласан тайлангаа тухайн орон нутагт зөвлөмжийн хамт хүргүүлэх болно” хэмээн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэр хэллээ.

АТГ-ын ажлын хэсэг энэ сарын 6-10-нд өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллана. Энэ хугацаанд аймгийн ЗДТГ, ИТХ, засаг даргын харъяа байгууллага, хэлтэс агентлагуудад болон зарим сумдад ажиллах юм байна.

                                                                                                                                                   Эх сурвалж: montsame.mn