Мэдээ мэдээлэл (170/239)

Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа Баруун-Урт сумын 11 дүгээр цэцэрлэг 11 дүгээр сарын 30-ны билэгт өдөр албан ёсны нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай анги нээсэн байна. Энэ нь аймагтаа анхдагч болж байгаа бөгөөд тус ангид 15 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг авах боломжтой аж.

Ингэснээр Баруун-Урт сумын сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 94 хувьд, харин аймгийн хэмжээнд хамран сургалт 90 хувьд хүрч байна. Энэ нь бусад аймгуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт . Гэвч 1960, 1970-аад оны барилгуудыг одоо ч ашигласаар байгаа учир шат дараатайгаар шинэчлэх шаардлагатайг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Л.Байгалмаа хэлсэн юм. Ингэхдээ заавал шинэ байшин барилга гэхгүйгээр 11 дүгээр цэцэрлэг шиг ашиглагдахгүй байгаа, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой хуучин байрыг бага зардлаар засварлан ашиглах боломжтойг мөн тэрээр онцоллоо. Учир нь Сүхбаатар аймаг сүүлийн гурван жил дараалан яг ийм жишгээр гурван цэцэрлэгийг ашиглалтад оруулаад байна.

11 дүгээр цэцэрлэг нь таван бүлэгт 125 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч анги танхим хүрэлцээтэй учир 150 хүртэлх хүүхдийг авах боломжтой гэнэ. Одоогоор 90 гауй хүүхэд тус цэцэрлэгт явж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай ангид дөрвөн хүүхэд хамрагдаж байна. Цэцэрлэгийн хамт олон эхний ээлжинд эко цэцэрлэг болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа, ирэх хавраас гадна талбайн тохижилтын ажил эхэлнэ гэж цэцэрлэгийн эрхлэгч М.Энхсайхан хэллээ. 

                                                                                                           Эх сурвалж: montsame.mn