Мэдээ мэдээлэл (175/251)

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

(2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар)

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж байна.

2017 оны зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу, улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.

11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй. Мөнххаан, Асгат сумдаар 12 см зузаан, 0,20-0,21 г/см3 нягт бусад нутгаар 5-10 см зузаан, 0,10-0,22 г/см3 нягтын цастай байна.

2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар их буюу нэн их эрсдэлтэй гарсан. Түвшинширээ сумын өмнөд хэсэг, Баяндэлгэр сумын зүүн өмнөд хэсэг, Онгон сумын хойд хэсэг, Дарьганга сумын зүүн хэсэг, Эрдэнэцагаан сумын өмнөд хэсгээр дунд зэрэг эрсдэлтэй гарлаа.

Зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх сумдыг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Зудын эрсдэлийн энэхүү мэдээлэл нь дан ганц одоо байгаа цасны зузаан, нягтаас хамаарахгүй, өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн ургац, бэлчээрийн даац, малын тоо, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг олон үзүүлэлтийг жинлэн нэгтгэж, анализ хийж гаргасан болохыг анхаарна уу.   

Цаашид бид цасны зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах зэрэг нөхцөл байдал хүндрэх үед зудын эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглал боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, шуурхай мэдээлнэ.

Сүхбаатар аймгийн УЦУОШГазар