Мэдээ мэдээлэл (176/181)

 Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өлзийтогтох тэргүтэй тус аймгийн төлөөлөгчид ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар нутаг Чита хотод энэ сарын 08-нд өдөр ажиллаад ирлээ. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны яаманд уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Улмаар хоёр орны хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурах ажлыг ирэх 06 дугаар сард албан ёсоор хийхээр товлов.

Уулзалтад ОХУ-ын талаас Өвөрбайгалийн хязгаарын Гадаад харилцааны сайд А.И.Дроботушенко, хөдөө аж ахуйн нэгдүгээр орлогч сайд В.Г.Лоскутников, Боловсролын нэгдүгээр орлогч сайд Егоров, олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны нэгдүгээр орлогч сайд М.В.Кравцов нар оролцсон юм. Аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох уулзалтын үеэр аймаг орон нутгийн хэмжээнд болоод хөдөө аж ахуйн салбарт хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар өөрийн саналыг танилцууллаа.

Өвөрбайгалийн хязгаар нутгийн Гадаад харилцааны сайд А.И.Дроботушенко хэлэхдээ “Манайх Дорнод, Хэнтий аймгуудтай хамтын ажиллагаатай. Бид хамтдаа олон сайхан ажлыг хийсэн. Энэ удаад Сүхбаатар аймагтай хамтран ажиллахаар болж, Монгол Улсын зүүн бүсийн гурван аймагтай хамтын ажиллагааны харилцаа тогтоосонд бид маш их баяртай байна. Нэн тэргүүнд иргэдийн орос хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх ажил санаачлан хийх, хүмүүнлэг, аялал жуулчлал, бизнесийн салбарудад хамтрах, хоёр орны соёлыг сурталчилсан уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаануудыг зохион байгуулах бүрэн боломжтой. Цаашлаад дан ганц аймаг гэлтгүй сумдынхаа гадаад харилцааг хөгжүүлэх тал дээр анхаарч, мөн холбоо тогтоох нь чухал. Ирэх онд манай хотод сансрын нисгэгчдийн талбай байгуулагдана. Үүний нээлтэнд зүүн аймгуудын удирдлагуудыг оролцоосой гэж хүсч байна. Мөн 2019 онд тохиох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд эдгээр аймгууд Монгол Улс талаасаа хамтран оролцвол бидний хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй маш том ажил болох болно” гэв.
 
                                                                                                               Эх сурвалж montsame .mn