Мэдээ мэдээлэл (177/247)

Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан эхлээд хоёр цаг гаруй хугацаа өнгөрсөн ч хэлэлцэх асуудал, дотоод журмаа батлаагүй байна. Хэлэлцэх асуудлыг батлах хүрээнд хоёр намын, хурлын төлөөлөгчдийн санал хэлэх хугацаа үргэлжилж байна. ИТХ-ын тэргүүлэгч, аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга М.Төмөрчулуун нэн тэргүүнд төсвийн тодотголоо хэлэлцэх шаардлагатай байгааг онцлов.

Тэрээр хэлэхдээ “Аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өнөөг хүртэл хэвийн явагдаж ирсэн. Харин ИТХ-ын тов хойшлогдсонтой холбоотойгоор төсвийн тодотголоо хэлэлцэж чадахгүй байгаа нь аймаг орон нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Өвөлжилтөд шаардлагатай хөрөнгийг Засгийн газраас авч чадахгүй, төрийн албан хаагчдын урамшуулал, ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн тэтгэмжийг олгож чадахгүй нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.

Мөн “Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учир бид төсвийн тодотголоо хэлэлцэж, хэрэгтэй төсөв мөнгөө авмаар байна. Бид ингээд маргаад байх бус хэлэлцэх асуудлаа баталж нэн тэргүүнд төсвийн тодотголоо хэлэлцмээр байна ” хэмээн ИТХ-ын төлөөлөгч, Баяндэлгэр сумын засаг дарга Л.Аваадорж хэллээ.

Харин ИТХ дахь АН-ын зүгээс засаг даргыг огцруулах саналыг хурлын тэргүүнд хэлэлцэнэ гэдэг байр суурин дээрээ бат зогссон хэвээр байна. Учир нь тэд аймгийн ИТХ-ын өмнөх хуралдаантай холбоотой тогтоол шийдвэрүүд хууль бус, тиймээс аймгийн засаг даргын үйл ажиллагааны тайлан болоод бусад асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

                                                                                                                  Эх сурвалж montsame.mn