Мэдээ мэдээлэл (178/251)

Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төв /ЭМТ/ тус сумын уугуул Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Дамчаагийн Сүхийн нэрэмжит боллоо. Энэ ажлыг түүний зээ хүү Б.Баттүшиг санаачилсан бөгөөд нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагаанд Д.Сүх агсаны үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, аймаг сумын удирдлагууд болон нутгийн иргэдийн төлөөлөл оролцов.

Түвшинширээ сумын эрүүл мэндийн төв энэ онд 80 жилийн ойтойгоо золгож байгаа. Түүхэн ойн босгон дээрээ түүхт хүнийхээ нэрэмжит болсонд эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон нутгийн иргэд сэтгэл хангалуун байлаа. Д.Сүх нь амьдралынхаа 50 гаруй жилд эрүүлийг хамгаалах салбарт тэр дундаа нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчнийг анагаах чиглэлээр тэргүүлэн ажиллажээ.

“Манай эмнэлэг нь сумынхаа 3300 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эмнэлгийн боловсон хүчин хангалттай, харин тоног төхөөрөмжийн хувьд хамгийн сүүлд 2008 онд Мянганы сорилтын сангийн төслийн шугамаар шинэчлэл хийснээс хойш сэлбэлт бараг хийгдээгүй аж. Харин нэрэмжит болгох ёслолын үеэр Д.Сүх агсаны үр хүүхдүүдээс нярайн шарлагын аппарат, хяналтын монитор, амьсгал дэмжиг аппарат, нярайн жин үзэх аппарат зэрэг нэн шаардлагатай байсан хүүхдийн эмчилгээний тоног төхөөрөмж болон эмнэлгийн сургалтанд ашиглах проектер дэлгэц хандивлалаа. Мөн аймгийн Засаг даргын зүгээс зургаан ширхэг даралтын аппарат, гурван үйлдэлт принтерийг бэлэглэсэн. Ингэснээр манай материаллаг бааз улам бэхжлээ. Цаашид үндсэн үүрэгт ажлаа сайн гүйцэтгэхээс гадна Д.Сүх гэдэг хүний алдар гавъяаг мөнхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хүндтэй алба манай хамт олонд оногдлоо. Ямартай ч бид бүхий л чадлаараа хичээн ажиллах болно” хэмээн сумын ЭМТ-ийн эрхлэгч С.Өнөржаргал хэллээ.

Харин Д.Сүх агсаны ууган хүү С.Батсүх хэлэхдээ “Бид эхээс гурвуулаа. Аавыгаа амьд сэрүүнд нутгаар нь байнга хамт ирдэг байсан. Харин бид аавыгаа өнгөрснөөс хойш нутаг оронд нь тустай юу хийх вэ гэж боддог байлаа. Ингээд дүүгийнхээ санаачлагаар эхлээд сумынхаа эмнэлгийг аавынхаа нэрэмжит болголоо. Сэтгэл маш хангалуун байна. Цаашид аавынхаа нутаг орон руу чиглэсэн олон сайхан ажил хийнэ гэж төлөвлөж байна. Бид бүхнийг ийм халуун дотноор угтан авч, арга хэмжээг сайхан зохион байгуулсан эмнэлгийн хамт олон, аймаг сумын удирдлагуудад үнэхээр их талархаж байна.” гэв.

“2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Түвшинширээ сумын ЭМТ 148 сая төгрөгийн их засварт орно. Ингэснээр тус сумын иргэд эрүүл мэндийн үйлчилгээг илүү тохилог, стандартын орчинд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр дамжуулан авах нөхцөл бүрдэж байгаа юм. Эхний ээлжинд эмнэлгийн их засвар болоод, 250 хүүхдийн шинэ цэцэрлэгийн асуудлыг улсын төсөвт оруулж чадлаа. Энэ нутгаас төрөн гарсан хүний хувьд цаашид нутаг орноо хөгжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллах болно.” гэдгээ аймгийн засаг дарга З.Энхтөр илэрхийлсэн юм. 

                                                                                                                             Эх сурвалж: montsame.mn