Мэдээ мэдээлэл (193/238)

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга малчнаар шалгарсан  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн малчин Д.Нямдоржийнд зочлон, шагналыг  нь гардууллаа.
 
Д.Нямдорж  Улсын аварга малчны шагнал болох улаан халзтай таван ханатай өргөө цагаан гэр, аварга малчны тэмдэг, мөнгөн цом, мөнгөн аягатай сүүг Ерөнхий сайдаас гардаж авсан. Мөн энэ үеэр Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, Мөнххаан сумын ЗДТГ-ын зүгээс тус бүр хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

Д.Нямдорж нь  Мөнххаан сумаас долоон жилийн дараа, Баянтэрэм багаас 42 жилийн дараа төрж буй Улсын аварга малчин юм. Тэрээр 48 дахь жилдээ мал маллаж байгаа бөгөөд мянгат малчины амжилтаа хоёр жил дараалан бататгасан байна. Жил бүр 100 эх малаас 105-111,4 хувиар төл бойжуулж, хээлтэгч малын хувийн жинг бод малд 39,8 хувь, бог  малд 56,5 хувь, нийт сүрэгт ямааны эзлэх хувийг 21,6 хувьд хүргэж сүргийн зохистой бүтцийг бүрдүүлжээ.

“1971 онд илгээлтээр томилогдсоноосоо хойш 40 гаруй жил мал маллаж байна. Үүнийхээ үр шимээр төрийнхөө буяныг хүртэж Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндэт алдрын эзэн боллоо. Энэ хүндтэй шагналаа улсынхаа Ерөнхий сайдын гараас авсандаа үнэхээр их баяртай байна. Анх залуухан малчин юу ч мэдэхгүй явах үедээ нутгийн хашир туршлагатай малчид болон Улсын сайн малчин Г.Өвгөнхүүгийн мал маллах арга туршлагаас суралцсан маань намайг өнөөдрийн энэ амжилтанд хүргэлээ.” гэж Д.Нямдорж ярилаа.

Д.Нямдорж зургаан хүү, нэг охинтой. Мал маллах 48 жилийн хугацаанд өөрийн бүх хүүгээ малчин болгож, тусад нь гаргаж малжуулжээ. Мөн сумынхаа зорилтот бүлгийн дөрвөн айлыг малжуулжээ.
 
                                                                                                                                          Эх сурвалж: montsame.mn