Мэдээ мэдээлэл (194/238)

Сүхбаатар аймаг дахь банкны салбаруудын үйл ажиллагааны талаар Монголбанкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Өнгөрөгч онд Сүхбаатар аймгийн иргэдийн банкин дахь хадгаламжийн хэмжээ 15 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь урьд жилүүдэд гарч байгаагүй өсөлт бөгөөд үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг албаны хүн хэлж байна.

-Өнгөрөгч онд Сүхбаатар аймаг дахь банкиуд хэрхэн ажиллав. Банкуудын орлого, зарлагын хэмжээ, иргэдэд олгосон зээл тэдгээрийн эргэн төлөлтийг өмнөх онтой харьцуулахад ямар түвшинд байна?
-Сүхбаатар аймаг дахь банкууд 2016 онд 87,9 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2017 онд 90 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ингээд 115,1 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй болж, өмнөх оноос 15,2 тэрбумаар нэмэгдсэн. Энэ нь 15 хувийн өсөлттэй байна гэсэн үг.  Ер нь банкууд өнгөрсөн онд нийт 90 тэрбум төгрөгөөр иргэдийнхээ амьдрал ахуй, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн байна. Сүхбаатар аймаг дахь банкууд 362 тэрбум төгрөгийн орлогын, 373 тэрбум төгрөгийн зарлагын, нийтдээ 735 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 2016 оноос 83,7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тэгэхээр өнгөрөгч онд манай аймгийн санхүү мөнгөний хэрэглээ өссөн. Энэ хэмжээгээр иргэдийн амьдрал, үйлчилгээ аж ахуй, бизнес худалдаа болон бусад бүтээн байгуулалтын ажил явагдсан гэж ойлгож болно.
-Сүхбаатар аймаг дахь банкуудын чанаргүй зээлийн хэмжээ эрс өссөн нь аймгийн өрсөлдөх чадварыг доош татсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өнгөрсөн сард их явсан. Энэ үнэхээр бодит мэдээлэл мөн үү?
-Тэр жаахан ташаа мэдээлэл явсан. 2017 оны эхэнд хоёр тэрбум 609 сая төгрөгийн чанаргүй зээл байсан. Энэ нь нийт зээлийн 2,59 хувийг эзэлж байгаа юм. Оны эхэнд ийм байсан бол 2017 оны туршид 19,1 сая төгрөгөөр буураад хоёр тэрбум 590 сая төгрөгийн чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлтэй үлдсэн. Өрсөлдөх чадварын үнэлгээгээр танилцуулж байсан мэдээлэл бол бүр өмнөх 2016 оны мэдээлэл байж болзошгүй. 2016 онд аймгийн чанаргүй зээлийн хэмжээ 1,5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь аймгийн төвд баригдаж байгаа 16 давхар барилгатай холбоотой. Тухайн барилгыг барьж байсан компани нь Улаанбаатар хотын компани, Голомт банкны төв салбараас санхүүжигдсэн байсан. Улмаар барилгын ажил зогсохоор компанийн зээлийг төв банк нь Сүхбаатар аймаг дахь салбар банкруугаа шилжүүлсэн болохоор ийм өсөлттэй харагдаад байгаа юм. Тэгэхээр одоо манай аймагт байгаа 2,7 тэрбум төгрөгийн зээлээс энэ барилгын зээлийг хасвал 700 сая төгрөгийн л чанаргүй зээл байгаа. Энэ нь нийт зээлдэгчдийн 0,5 хувь гэсэн үг. Тэгэхээр 2017 онд Сүхбаатар аймгийн ажил, үйлдвэрлэл үйлчилгээ чанаргүй болсон зүйл огт биш.
-Харин 2017 онд Сүхбаатар аймгийн иргэдийн банкин дахь хадгаламж түрүү жилүүдээс огцом өссөн гэж сонссон. Энэ талаар?
-Манай аймгийн  хадгаламжийн хэмжээ нийт дүнгээрээ 15,6 тэрбум төгрөгөөр өссөн. Яагаад ингэж огцом өсөв гэхээр оны эцэст харилцах данснаас хадгаламжийн дансруу шилжсэн зүйл их байгаа. Эдгээрийг нийт дүнгээс хасаад тооцоход хадгаламжийн хэмжээ цэвэр 10 тэрбум төгрөгөөр өссөн. Энэ өсөлт бол аймгийн ажилчид, малчид, үйлдвэрлэгч иргэдийн гавъяа. Дээрээс нь манай аймаг нэг сая ямаатай учир өнгөрсөн жилийн ноолуурын ханш өндөр байсантай ч холбоотой. Мөн сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих зориулалтаар хийгдэж буй ажлууд үр ашгаа өгч байна гэж харж байгаа. Ер нь хадгаламжийн өсөлтөнд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Одоо аймагт маань хэд хэдэн том, жижиг үйлдвэр байгуулагдах гэж байна. Энэ хирээр иргэдийн орлго нэмэгдэнэ, хадгаламж дахин өснө гэж харж байгаа.
-Өмнөх жилүүдэд хадгаламжийн хэмжээ ингэж огцом өсч байсан уу?
-Өмнөх жилүүдэд ийм өсөлт байгаагүй. Хадгаламжийн өсөлт жилдээ 3-5 тэрбум төгрөгөөр л тогтмол өсдөг байсан. Өнгөрөгч 2017 онд анх удаа ийм огцом өсөлт гарлаа.
-Жилд олгосон зээл, орлого зарлага, хадгаламжийн хэмжээнээс харахад Сүхбаатар аймаг дахь банкуудын үйл ажиллагаа жилээс жилд өсөж байна гэж ойлголоо. Энэ зөв үү?
-Яг тийм. Санхүү, банкны үйлчилгээ Сүхбаатар аймагт хэвийн явагдахын хирээр өргөжин тэлж байна. Бүх сумдад Хаан болон Төрийн гэсэн хоёр банкны салбар тооцооны төвүүд байдаг. Эдгээрээр дамжуулан сумдад банкуудын өрсөлдөөн хүрсэн. Аймгийн төв дээр таван банкны салбар үйл ажиллагаа явуулж байна. Банкууд хоорондын өрсөлдөөн шударга зохистой явагдаж байгаа гэж би хардаг. 2018 онд банкиудын үйлчилгээ, өрсөлдөөн илүү өргөжнө гэж бодож байна.
-Та бол салбартаа олон жил ажилласан эдийн засагч хүн. Сүхбаатар аймгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна. Аймаг орон нутгийн хөгжлийн гол үзүүлэлт таныхаар юу байх вэ?
-Гол зүйл бол үйлдвэрлэл үйлчилгээг л нэмэгдүүлэх шүү дээ. Бодит үйлдвэрлэл рүү хэдий хэмжээний хөрөнгө шингээнэ, жинхэнэ үйлдвэрлэл хаана өсч байна түүнийг дагаад орон нутагт мөнгө орж ирдэг. Тиймээс үйлдвэрлэл олноор бий болгоосой гэж би хувьдаа хүсдэг. Энэ бүхнийг дагаад л аймгийн худалдан авах, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Үйлдвэрлэл байхгүй тохиолдолд бид өрсөлдөх чадварын талаар яриад ч хэрэггүй.
-Тэгвэл таны хувьд өнгөрсөн онд гаргасан аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээтэй санал нийлж байна уу? Ялангуа Сүхбаатар аймгийн тухайд?
-Сүхбаатар аймгийн өрсөлдөх чадварын үнэлгээ чанаргүй зээлээс болж буурсан гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Ер нь би өнгөрсөн жилүүдэд ч энэ өрсөлдөх чадварын үнэлгээний төвийг шүүмжилж байсан. Яг өрсөлдөх чадвартай хамааралтай асуудал цөөн байна, маркетингийн шинжтэй хэтэрхий олон асуудал орсон байна гэж. Энэ удаад ч дахиад л тийм байлаа. Энгийн жишээ гэхэд Сүхбаатар аймгийнхан Дорнод аймгаас цахилгаан эрчим хүчээ, хүнсний гурил, малын хивэг тэжээлээ авдаг. Харин манайх Дорнод аймагт юу ч зардаггүй хэрнээ Дорнод аймгаас дээгүүр бичигдсэн. Сэлэнгэ аймаг зөвхөн төмс хүнсний ногооны борлуулалтаар жилд 200 тэрбум төгрөг олж байна. Архангай аймаг цагаан идээний нэг удаагийн борлуулалтаар 1,5 тэрбум төгрөгийн ашиг олж байна. Дорноговь аймагт өнгөрсөн жилд томоохон хэмжээний цементний үйлдвэр байгуулагдлаа. Ийм аймгуудтай бид үйлдвэрлэл хөгжүүлж байж л өрсөлдөнө. Гэхдээ бусдыг дуурайж болохгүй, гол нь өөрийн нутаг орны онцлогийг илэрхийлсэн байх ёстой.
-Сүхбаатар аймагт өнгөрөгч онд оёдлын үйлдвэрлэл байгуулагдлаа. Одоо махны үйлдвэрийн ажил эхлүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна. Үүн дээр та ямар бодолтой байна, эдгээр үйлдвэрүүд хэвийн алдагдалгүй ажиллаж чадах уу?
-Би үүнийг их дэмжиж байгаа. Манай аймгийн гол брэнд бол мах. Бид үүн дээр тшиглэж л ажиллах ёстой. Гэхдээ эхний ээлжинд Сүхбаатар аймгийн махаар дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаг байх хэрэгтэй. Үүний дараа экспортын асуудал ярих нь зөв. Оёдлын үйлдвэр аймгийн хэмжээний уул уурхайн олбоглосон бүтээгдэхүүний уутыг, 11 мянган хүүхдийнхээ сурагчийн дүрэмт хувцсыг оёод байхад алдагдалд хүрэх ямар ч үндэс байхгүй. Харин энэ хоёр чиглэлээ л барих ёстой. Хэтэрхий олон төрөлрүү савчих юм бол эрсдэлтэй. Учир нь Хятад орон биднээс хэдхэн зуун километрийн цаана байгааг мартаж болохгүй. Ер нь үйлдвэрлэл үйлчилгээ, ЖДҮ, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр онцгойлон анхаарч ажиллаж эхэлсэн нь маш зөв гэж бодож байгаа. Алдсан ч алдаан дээрээсээ суралцаад явах хэрэгтэй. Ямартай ч эхлүүлнэ гэдэг маш том ажил. 
-Зав гарган ярилцсанд баярлалаа?
-Та бүхэнд ч бас баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

                                                                                                             Эх сурвалж: montsame.mn