Мэдээ мэдээлэл (195/242)

ГУРВАН СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРЧЭЭ

Тус аймгийн гурван сумын дөрвөн голомтонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар Онгон сумын хоёр голомтонд 12 өрхийн 41 үхэр, 40 хонь, гурван ямаа, таван зээр гээд нийт 89 тооны мал, амьтныг устгаад байгаа аж. Харин Наран, Эрдэнэцагаан сумдад хараахан устгал хийгдэж эхлээгүй байгаа гэнэ.

Өвчлөл гарч байгаа шалтгааныг цагаан зээрийн нүүдэлтэй холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна. Учир нь арван зээрэнд тандалтын үзлэг хийж, шинжилгээ авахад таван зээрээс шүлхий өвчний вирус илэрсэн байна.

Он гарсаар Сүхбаатар аймагт ямар нэгэн малын өвчлөл гараагүй байсан ч энэ сарын 01-ний өдөр шүлхий өвчний сэжигтэй дуудлага Онгон сумаас иржээ. Тус сумын хоёр голомтонд шүлхий өвчин гарсан бөгөөд өвчилсөн мал амьтныг устгалд  оруулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласаны дүнд өвчлөлийг голомтонд нь дарж, улмаар 02 дугаар сарын 18-наас хойш өвчлөл нэмэглэж гараагүй байна.  

02 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэцагаан, 18-ны өдөр Наран сумдаас дахин сэжигтэй дуудлага ирж, мэргэжлийн хүмүүс тандалтын үзлэг хийн, цусны дээжийг төв лабраторилуу явуулсанаар шүлхий өвчин мөн болох нь тогтоогджээ. Тиймээс тус сумдад ажиллах устгалын баг өнөөдөр замдаа гарчээ.

Ийнхүү гурван суманд шүлхий өвчин гарсантай холбоотойгоор гамшгаас хамгаалах  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хорио цээрийн дэглэм тогтоох тухай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн захирамж гарч, өвчлөл гарсан голомтын бүс нутгуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

 

                                                                                                                                           Эх сурвалж: montsame.mn