Мэдээ мэдээлэл (205/239)

Монгол цэргийн өдөр, Монгол Улсад Орчин цагийн зэсэгт хүчин үүссэний 97 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан марш тактик болон спортын олон төрөлт тэмцээнд Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар анги илүүрхэж, аварга хамт олон гэдгээ дахин харууллаа. Марш тактикийн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус ангийн багууд ямар ч торгуульгүйгээр ялалт байгуулсан бөгөөд эрэгтэй багийн тухайд марш тактикийн аймгийн зургаа дахь удаагийн аварга боллоо.

Аймгийн ЗДТГ, Цэргийн штаб хамтран цэргийн хүрээний анги байгууллагын алба хаагчдын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, буудлага, про таеквондо, үндэсний бөх зэрэг олон төрлийн спортын тэмцээнийг зохиосон юм. Ингээд тэмцээний дүнг танилцуулахад Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хамт олон эрэгтэй эмэгтэй нийлээд багийн болон ганцаарчилсан тэмцээн тус бүрээс таван алт, гурван мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлэв.

Шагналыг аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатар, ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг, Цэргийн штабын дарга, хурандаа С.Жалбасүрэн болон төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар гардуулсан юм.

“Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярын мэндийг цэрэг хүчний байгууллагын үе үеийн алба хаагчиддаа хүргэж, талархал илэрхийлье. Эх орны халдашгүй дархан байдал, амар тайван амьдралын төлөө цаг наргүй зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй цэрэг эрсээ магтан дуулъя. Жил бүр аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагддаг Марш тактикийн тэмцээн долоо дахь жилдээ маш амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд спортын олон төрлийн тэмцээнийг гурван хоногийн турш зохион байгуулсан нь онцлог бөгөөд үр дүнтэй ажил боллоо гэж бид харж байна. Энэ бүх тэмцээнд анги хамт олноо удирдан, идэвхтэй оролцосн бүх байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлмээр байна. Тэмцээн болгон ширүүн өрсөлдөөн дунд өрнөж байсан нь манай байгууллагууд үүнд хэрхэн ач холбоглдол өгч, бэлтгэл сургуулилт хийж оролцсон бэ гэдэг нь харагдаж байлаа. Ялангуяа Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр сумдаас зорин ирсэн алба хаагчиддаа тусгайлан баяр хүргэе. Эр хүн, эр цэргийн сүр жавхаа, тэсвэр хатуужил, хөрвөх чадварыг та бүхэн эдгээр өдрүүдэд харуулж чадлаа. Та бүхний ажил энэ эрчээрээ үргэлжлэх болтугай. Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадраг.” хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг нээлтийн үгэндээ хэллээ.

Энэ үеэр тэмцээний зохион байгуулалт сайн, шүүлт шударга болсон гэдгийг байгууллагын удирдлагууд онцолж байв.                             

                                                                                                                    Эх сурвалж: montsame.mn