Мэдээ мэдээлэл (206/251)

 Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтан, мэргэжилтний зөвлөлгөөн болж байна. Зөвлөлгөөнд сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, сумдын засаг дарга нар, хувийн хэвшлийн мал эмнэлэг үржлийн нэгжийн эмч нар гээд 120 гаруй хүн оролцож байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2018 оныг салбарын бүтээмжийг дээшлүүлж, хариуцлагыг өндөржүүлэх жил болгон зарлажээ.

Аймгийн засаг дарга З.Энхтөр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “ХАА-н салбар бол манай аймгийн эдийн засгийн гол тулгуур салбар. Тиймээс бид энэ салбартаа түшиглэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилго болох ажлын байрыг нэмэгдлүүлж, ард иргэдийнхээ амжиргааг дээшлүүлнэ гэсэн зорилгоо хэрэгжүүлэх болно. Тиймээс цаашид энэ салбараа бүхий л талаараа дэмжиж, хамтран ажиллах болно.” гэв.

2018 оныг салбарын бүтээмжийг дээшлүүлж, хариуцлагыг өндөржүүлэх жил болгон зарласантай холбоотойгоор энэ онд мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг хэрхэн дээшлүүлэх, малын өвчний гаралт тархалтыг бууруулах, тодорхой өвчнийг хяналтандаа авах зэрэг асуудалд голлон анхаарч ажиллахаар төлөвлөжээ.

“Жил бүр зохион байгуулагддаг зөвлөлгөөнд  энэ удаад зөвхөн малын эмч, мал зүйч буюу мал аж ахуйн мэргэжилтнүүдийн дунд болж буйгаараа онцлог. Бид хамтдаа 2017 оны ажлын ололт амжилт, хүндрэл, саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, ажлаа дүгнэж байгаагаас гадна 2018 оны зорилт, аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаар бодлого зорилтоо дэвшүүлж байна. Үүнийхээ хүрээнд нэн тэргүүнд ариутгалын халваргүйтгэлийн функтыг орон нутагтаа барьж байгуулах шаардлагатай гэх асуудлыг хэлэлцэж байна. Нөгөө талаар, өнгөрсөн онд бид аймгийн засаг даргын захирамжаар ариутгал халдваргүйжүүлэлтийн аяныг өрнүүлсэн. Үүний үр дүнд энэ жилийн халдварт өвчний гаралт, тархалт харьцангуй бага байсан гэж дүгнэж болно. Тиймээс энэ ажлыг дахин үргэлжлүүлж, илүү чанаржуулан гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Ер нь эмч нар маань саад бэрхшээл гэхээсээ илүүтэйгээр байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлан малын өвчний эсрэг ажлыг төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор мал эрүүлжүүлэх аяныг зохион байгуулъя гэдэг санал санаачлагуудыг гаргаж байна. Үүнийг ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно ”гэж аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох хэллээ.

Өдөрлөгийн хүрээнд салбарын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн дунд олон төрлийн спортын тэмцээн уралдаанууд зохион байгуулагдана.

                                                                                                                               Эх сурвалж: montsame.mn