Мэдээ мэдээлэл (217/239)

Сүхбаатар аймагт Биеийн тамир спортын байгууллага үүссэний 70 жилийн ойд зориулан “Олимп-Эв нэгдэл” уриан дор аялуулж буй галт бамбарыг 04 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГ хүлээн авлаа. Галт бамбар аймгийн төвийн байгууллагуудаар аялж дуусаад 12 сумыг тойрно. Хамгийн сүүлд Сүхбаатар сумаас Баруун-Урт суманд ирж, ирэх сарын 14-нд эхлэх сумдын спортын наадмын нээлтэн дээр асах юм.  

Галт бамбар аймгийн төвийн 25 байгууллагаар аялах учиртай. Нэг байгууллага дээр хоёроос гурав хонох бөгөөд энэ хугацаанд бамбарыг хүлээн авсан байгууллага, хамт олон спортын ямар нэг арга хэмжээ зохион байгуулж, мөн хандивын ажил өрнүүлэх ёстой.

“Бид анх бамбараа Шилийн богд уулнаасаа авч, аяллаа эхлүүлсэн. Олимпын галт бамбарыг ингэж аялуулж байгаа нь манай улсын хэмжээнд анх удаа гэдгээрээ онцлог. Улмаар мөн аймагт анх удаа болох гэж буй сумдын спортын наадмын нээлтэн дээр албан ёсоор асааж, залах ёстой. Энэ арга хэмжээнд Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд болон биеийн тамир спортын агентлагуудын дарга нар ирж оролцоно. Олимп яаж болдог вэ гэдгийг бид энэ арга хэмжээгээрээ харуулах болно. Спорт бол эв нэгдлийн билгэдэл. Тиймээс галт бамбарыг аялуулж буй гол зорилго бол олимп, олимпизмыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, албан хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, спортоор дамжуулж эв нэгдлийг түгээж, гар сэтгэл нийлж хамтран ажиллахыг л уриалж буй хэрэг юм. Байгууллагууд маань ч бамбар хүлээж авах ёслолдоо маш их ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байгааг онцолмоор байна” гэж аймгийн Парис олимпын зөвлөлийн тэргүүн Ш.Энх-Амар хэллээ.

Сүхбаатар аймгаас олимпийн медальтан төрөөгүй. Харин параолимпийн нэг тамирчин олимпд оролцох эрхээ аваад байгаа юм. Тиймээс тус аймгаас олимпийн медальтан төрөөсэй гэх билэгдэл нь галт бамбар аялуулж буй бас нэгэн учир шалтгаан юм.                                                                            

                                                                                                                     Эх сурвалж: montsame.mn