Мэдээ мэдээлэл (218/251)

Сүхбаатар "Про импекс" үйлдвэрийн хатуу оёдлын цехийн үйл ажиллагаа жигдэрч, уурхайн баяжмалын уутыг үйлдвэрлэж эхэлжээ. Тус цех 15 оёдолчинтой. Өдөрт 100-120 ширхэг уут үйлдвэрлэдэг бөгөөд сардаа 4000-5000 ширхэг уут үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.

"Про импекс" оёдлын үйлдвэрийн үйл ажиллагааны талаар захирал Ж.Сүхчулуунаас тодруулахад “Оёдолчид маань анх туршилтын хугацаанд өдөрт 30-40 ширхэг уутыг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байсан. Харин одоо өдөрт 100-120 ширхэгийг хийж байна. Энэ бол ажилчид дадлагажиж байгааг харуулж буй хэрэг юм. Бид туршилт эхэлсэнээс хойш Цайрт минераль ХХК-д 2000 ширхэг уут нийлүүлсэн. Тэд ашиглаж үзээд шаардлага хангаж байна гэдэг дүгнэлт өгсөн. Тиймээс бид эхний ээлжинд тус компанитай хамтран ажиллахаар болж гэрээгээ байгуулаад байна. Мөн "Эм Эл Цахиурт овоо" болон Түмэнцогт сумын жоншны уурхайнууд манайхтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд байгаа. Ингээд эхний ээлжинд бид энэ гурван компанитай хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ нийлүүлээд байхад ашигтай ажиллана гэж харж байгаа. Цаашлаад ажилчдынхаа тоог нэмж, хоёр ээлжинд оруулахаар төлөвлөсөн. Ингэснээр дахин 20 гаруй хүн тогтмол ажлын байраар хангагдах боломж байгаа.” гэв.

Тус оёдлын үйлдвэр нь хатуу болон зөөлөн эдлэл гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Зөөлөн оёдлын цехэд сурагчдын дүрэмт хувцас болон ажлын хувцас үйлдвэрлэх бөгөөд оёдолчдоо шалгаруулаад авчихсан, ирэх долоо хоногоос туршилтын ажил эхлэх ажээ.

 

                                                                                                                               Эх сурвалж: montsame.mn