Мэдээ мэдээлэл (228/251)

ГАЛТ БАМБАР АСААХ ЁСЛОЛ ОЛНЫ ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭВ.

Сүхбаатар аймагт 24 жилийн дараа зохион байгуулагдаж буй  “Олимп-Эв нэгдэл” сумдын спортын наадмын нээлт, галт бамбар асаах ёслол амжилттай болж, хурсан олны талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо. Олимпын бамбар аймгийн төвийн 30 аж ахуй нэжг, байгууллага, 13 сумаараа аялаад Баруун-Урт суманд ирсэн бөгөөд бамбарыг Сүхбаатар аймгийн шилдэг арван тамирчин 500 метр газар өртөөлөн гүйж, наадмын нээлтэн дээр залсан юм.

Харин бамбарыг Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Шилийн богд дугуйн клубын тэргүүн, Үндэсний олимпын хорооны гишүүн, ахмад тамирчин Ш.Энх-Амар тосон авч, асаасан юм. Тэрээр аймгийн БТСГ-ыг хамгийн олон жил удирдсан нэгэн  бөгөөд мөн одоогоос яг 24 жилийн өмнө Монгол эх орноо дугуйгаар бүтэн тойрч байжээ.

“Бид ахмад тамирчин, ахмад удирдлагадаа хүндэтгэл үзүүлж олимпын бамбарыг асаалгалаа. Энэхүү бамбар асаах ёслол бол Сүхбаатар аймгийн биеийн тамир спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэхүйц арга хэмжээ боллоо. Спортын наадамд оролцогч баг тамирчид болоод үзэгч олон үнэхээр сэтгэл хангалуун байна. 24 жилийн дараа зохиогдож буй спортын наадмын хамгийн гол онцлох арга хэмжээ бол энэхүү бамбар асаах ёслол байсан. Бамбар асахад хүн болгон огшиж, уухайн дуу хадааж байсан. Энэ бол эв нэгдлийн бас нэгэн илэрхийлэл гэж ойлгож байна. Үүнийг өндөр түвшинд зохион байгуулах гэж манай хамт олон маш их хичээл зүтгэл гаргасан. Зорьсон ажлынхаа ард амжилттай гарлаа. Үнэхээр баяртай байна” хэмээн аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох хэллээ.

Бамбар асаах ёслолд аймаг орон нутгийн удирдлагууд ахмад болон аймгаас төрөн гарсан алдартай тамирчид, спортын наадамд оролцогч баг тамирчид, Баруун-Урт сумын иргэд гээд 1000 гаруй хүн цугласан юм.

“Ажлаа аваад удаагүй байгаа хүний хувьд ийм сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа үнэхээр их билэгшээж байна. “Спорт-Эв нэгдэл” наадмыг цаашид хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байна. Иргэдийнхээ эрүүл энх байх, ийм орчныг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажиллахын нэг хэсэг бол энэхүү спортын наадам гэж үзэж байна. Иргэд эрүүл байя гэвэл спортыг сонгох хэрэгтэй. Тиймээс спортоор хичээллэх, спортоор тэмцэлдэж өрсөлдөх, спортоор эвлэлдэн нэгдэх явдал бол манай аймгийнхны нэг зорилго гэж би харж байна” гэдгийг аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлсэн үгэндээ онцлов.

Спортын надамд оролцогч 13 сумын тамирчид ижил хувцасаар жигдэрч, сумынхаа далбааг намируулан жагсаж олимпын бамбарт хүндэтгэл үзүүлсэн нь энэ өдрийн бас нэгэн онцлох үзэгдэл байлаа.

                                                                                                                        

                                                                                                                                               Эх сурвалж: montsame.mn