Мэдээ мэдээлэл (234/251)

Терроризмтой Тэмцэх Ажиллагааг Зохицуулах Зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр анхдугаар хуралдааныг зохион байгууллаа. Тус салбар зөвлөлийн гишүүн 15 байгууллагын дарга, холбогч ажилтны хамт хуралд хамрагдсан. ТТАЗЗ-ын Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбаатар хурлыг нээн үг хэлж, тус салбар зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав.

Аймгийн Тагнуулын хэлтэс болон гишүүн байгууллагуудаас “Салбар зөвлөлийн ажиллах журам, бүтэц, үйл ажиллагааны талаар”, “Олон улсын болон Монгол Улсын терроризмын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, анхаарах асуудал”, “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны талаар”, “Сүхбаатар аймгийн онцгой объектын аюулгүй байдалд тулгарч буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам”, “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн хорт бодисын ашиглалт, эргэлтийн өнөөгийн нөхцөл байдал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж дээрх чиглэлээр тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж тэдэнд мэдээлэл өгсөн үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.