Мэдээ мэдээлэл (241/242)

АЛТАН ДАРЬ ОВООНЫ ТӨРИЙН ИХ ТАХИЛГА БОЛЛОО

 Монголчуудын их шүтээн, Алтан дарь овооны  тэнгэрийг тайх их тахилгын  105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 наадам эхэллээ. Баяр наадмыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Батзандан, Б.Ундармаа болон аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс, сүсэгтэн олон зорин иржээ. Зохион байгуулагчдын зүгээс тахилгад 30-35 мянган хүн ирж оролцоно гэж төлөвлөж байсан ч энэ тоо хэдийнээ давжээ.

Аливаа уул овоог тахихдаа хамгийн эхэнд багшийн тахил гэдэг номыг уншдаг. МБШТ Гандантэгчинлэн хийдийн тамгын лам Б.Эрдэнэхүү, Сүхбаатар аймгийн БШТ Эрдэнэмандал хийдийн дэд лам Н.Цамбанүрдэв нарын тэргүүтэй лам хуврагууд өглөөний 05 цагт тус номоор тахилгыг эхлүүллээ. Улмаар Алтан-Овооныхоо эзнийг залж, тахил балин өргөснөөр өөрсдийнхөө хэрэг үйлийг даатгах шашны зан үйлийг хийсэн юм.

Монгол Улсын төрийн далбаа, төрийн хар сүлдэт туг, Сүхбаатар аймгийн далбааг төрийн долоон эрдэнийн хамтаар баяр наадмын хойморт хүндэт харуулууд залсан нь бас нэгэн онцлох үйл явдал байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, идээ шүүсний дээжийг Алтан-Овооноо өргөн, овоон эзэн сахиус цагаан морийг сэтэрлэсэнээр төрийн тахилгын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.

Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар тахилгыг нээж үг хэлэхдээ “Дархан хилийн мөнхийн харуул болон торойж байгаа, монгол орны наран ургах зүгийн онгон шүтээн Дарьгангын Алтан дарь овооны тэнгэрийг тайх төрийн ээлжит тахилга ёслол төгөлдөр эхэлж байна. Нар хур тэгширсэн зуны билэгт энэ сайн өдөр төрийн тэргүүний буулгасан зарлигийн дагуу түүхэн уламжлал, эртний тахилагт Алтан-Овоог тайж байгаадаа бид бүхэн баяртай байна. Түүхийн хуудас сөхөж үзвэл гурван зууны тэртээгээс хайрхан энэ уулаа хошуу нутгаараа тахин шүтэж, буян хишгээ даатгаж байсан бөгөөд хожим 1913 оноос Богд хаан зарлиг буулгаснаар төрийн их тахилгат шүтээний нэг болсон билээ. Туйлшрал гажуудлын жилүүдэд овооны тахилгын ёслол орхигдсон ч хагас зуун жилийн дараа Монгол Улсын ерөнхийлөгч төрт ёсны уамжлалаа сэргээх зарлигийг 2004 онд гаргасан нь эцэг дээдсийн эрхэм журамт ёс, төрийн залгамж хэмээн олон нийт талархан хүлээж авсан байдаг. Энэхүү тахилгын зан үйл нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, бишрэн дээдэлж, уул ус, газар дэлхийгээ утга төгөлдөр шүтсэн эрхэм дээд ёс юм. Энэхүү ёс заншил, түүхэн уламжлалаа ёсчлон дагаж шинэ агуулгаар баяжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээх нь төрийн бодлого, энэ цаг үед ажиллаж, амьдарч  байгаа хүн бүрийн үүрэг гэж үзэх учиртай. Энэ удаагийн тахилга нь тал нутгийн ард түмэн бидний эх оронч үзлийг улам бадрааж, төрөлх нутаг усаа, эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах эрч хүчийг өгсөн нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэж үзэж байна” хэмээн онцлов.

Алтан-Овоог зорин ирсэн хүн бүр бие сэтгэлээ ариусгаж, сайн сайхан зүйлийг бодож бясалгах учиртай. Чин сэтгэлээсээ сүсэглэж, буян заяагаа даатгавал алтан овоо бусдыг хүслийг биелүүлэх нь дамжиггүй. Тиймээс хүн бүр зөвийг хэлж, ярьж, бодох хэрэгтэй. Тахилгын зан үйлд ч зөв боловсон оролцох учиртай. Энэ нь хайрханаа хүндэлж буйн нэг илрэл гэдгийг лам хуврагууд сүсэгтэн олонд айлдаж байлаа.

Алтан-Овоо нь олон зуун жилийн түүхтэй ч Алтан овоо нэртэй болж овоон судар зохиогдсоноос хойш 200 гаруй жил өнгөрчээ. Харин наймдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар тахиж эхэлсэний 105 жилийн ой энэ онд тохиож буй юм.

 

 

                                                                                                                                                 Эх сурвалж.montsame.mn