Мэдээ мэдээлэл (242/242)

 Монголын Үндэсний урлагийн их театр болон Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид хамтран Алтан дарь овооны тахилга, зүүн бүсийн хурд-2018 баяр наадмын нээлтийн арга хэмжээг хийжээ. Тал хээр нутаг, Алтан овоо, Шилийн богд хайрханы түүх, онцлогийг харуулсан найруулга бүхий бүрэн хэмжээний тоглолтыг наадамчин олон халуун алга ташилтан дор хүлээн авлаа.

Баяр наадмын нээлтийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар нээж үг хэлсэн юм. Мөн тэд тоглолтыг бүрэн эхээр нь үзэж, нийт уран бүтээлчдэд талархал илэрхийлсэн юм.

“Хоёр театрын уран бүтээлчдээс гадна Сүхбаатар аймгийн хилийн отрядын цэргүүд нээлтийн арга хэмжээнд оролцсон нь бидний сүр хүчийг үнэхээр нэмлээ. Алтан овооны эзэн сахиус цагаан морь, домогт Торой банди болон шилийн сайн эрсийн ард түмэн, эх орон, уул усаа гэсэн тэр оргилуун сэтгэлийг бид уран бүтээлчдээрээ дамжуулан наадамчин олонд харуулахыг зорьсон. Наадамчид маань ч үнэхээр сайхнаар хүлээн авсанд баяртай байна. Зөвхөн манай театраас гэхэд 70 гаруй уран бүтээлч ирсэн. Үүн дунд маань Сүхбаатар нутгийн уугуул МУАЖ, нэрт морин хуурч Ч.Батсайхан, СТА дуучин Д.Осгонбаяр, Ц.Хүрэлбаатар гээд энэ цагийн шилдэг уран бүтээлчид багтаж, баяр наадмын арга хэмжээг чимлээ.” гэж Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч Н.Буянбат хэллээ.

МУАЖ, морин хуурч Ч.Батсайхан хэлэхдээ “40 гаруй жил морин хуур хөгжмийг тоглож байна. Энэ жил Алтан дарь овооныхоо нээлтэнд оролцож, овооныхоо энгэрт хуураа татаж суугаадаа маш их бартай байна. Төрөлх нутгийн минь уулс, ус намайг мөнхөд ивээдэг гэдэгт би итгэдэг. Баяр наадам үнэхээр сайхан болж байна. Зохион байгуулалт сайтай байгаагаас гадна манай иргэд үнэхээр сайхан наадаж сурсан байна. Сэтгэгдэл маш өндөр байна. гэлээ.

Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн наадамчид баяр наадмын нээлтийн ажиллагаанаас эх орноо хайрлан хамгаалах, эх орон, уул усаараа бахархах сэтгэлийг дахин олж авлаа, үнэхээр сайхан байна хэмээн сэтгэгдлээ ярьж байсан юм.

                                                                                                                    Эх сурвалж.montsame.mn