Мэдээ мэдээлэл (298/337)

2014 онд барьж эхэлсэн усан спорт сургалтын төвийн барилгын ажил дуусч,  нээлтээ хийлээ.

Улсын төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан усан спорт сургалтын төвийн нээлт боллоо.

2014 онд барилгын ажил нь эхэлсэн усан спорт сургалтын төв 25 метрийн урт, 15 метрийн өргөн, зургаан замтай, 200 үзэгчийн суудалтай олон улсын стандартад нийцсэн төв юм. Тус төвийн нээлтэнд Монгол Улсын ерөнхий сайдын У.Хүрэлсүх оролцон, улсын хэмжээнд ховорт тооцогдох бүтээн байгуулалтын ажил болсныг онцлоод, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Усан спорт сургалтын төвийн зарим тоног төхөөрөмж болон бусад хэрэгслүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн хоёр сая юанийн буцалтгүй тусламжаар авчээ. Тус төв ашиглалтад орсноор энэ төрлийн спортыг орон нутагт төдийгүй зүүн бүсийн хэмжээнд хөгжүүлэх, ирээдүйн тамирчдыг бэлтгэхээс гадна улсын шигшээ багийн тамирчид ч тус төвд бэлтгэл сургуулилтаа хийх бүрэн боломжтой аж.

                                                                                                                                 

Одоогоор төвийг аймгийн мэдэлд байлгах уу, эсвэл Биеийн тамир спортын газрын харьяанд байлгах уу гэдэг нь шийдэгдээгүй байгаа учир цаашдын үйл ажиллагаа, ажилчдын орон тоо, удирдлага зэрэг нь тодорхой болоогүй байгаа юм байна.                                                                                                                 Сүхбаатар /МОНЦАМЭ/.