Мэдээ мэдээлэл (304/371)

Дорнод аймгаас туршлага судлаад иржээ

Дорнод аймгийн ЗДТГ-аас өөрийн аймгийн газар нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээндээ өөрчлөлт оруулж,  шинэчилсэнээр байгаль орчинд болоод тэнд ажиллагсдын эрх ашиг, аймгийн эдийн засгийн үзүүлэлт сайжирч олон үр дүнд хүрсэн. Тэгвэл энэхүү туршлагыг судлахаар Сүхбаатар аймгийн ЗДТГ болоод холбогдох байгууллагын төлөөллүүд тус аймагт ажиллаад иржээ.

 

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энхцэцэгээс тодруулахад “Бид энэ удаагийн ажлын айлчлалаар Дорнод аймаг уул уурхайн компаниудтайгаа хамтран ажиллах гэрээгээ байгуулахдаа юун дээр гол анхаардаг, хэрэгжилтийг биелүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулдаг эргийг судаллаа. Мөн бидний гол ажил бол Дорнод Сүхбаатар хоёр аймгийн газар нутгийг дамжсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч хэд хэдэн уул уурхайн компани байдаг. Петро чайна ХХК Дорнод аймагт олборлолт явуулдаг учир тус аймгийнхаа ЗДТГ-тай харьцаад явчихдаг. Гэтэл тээвэрлэлтийн замын ихэнх хэсэг нь манай аймгийн нутаг дэвсгэрт байдаг ч манайхтай хамтрах ямар ч гэрээ хэлэлцээр байдаггүй. Тиймээс цаашид үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ, хоёр аймаг үүн дээр хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ гэдгийг хэлэлцлээ. Цаашид энэ ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх болно.” гэв.

Үүний хүрээнд аймгийн ЗДТГ-аас аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх уул уурхайн компанийн төлөөллүүдтэй зөвлөлгөөн хийхээр төлөвлөжээ. Уг ажлын энэ сардаа багтаан зохион байгуулах аж. 

                                                                                                                                                         Сүхбаатар /МОНЦАМЭ/.