Мэдээ мэдээлэл (311/381)

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, мэргэжлийн удирдлага, шуурхай зохион байгуулалтаар хангах, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар аймагт ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хаваржилтын бэлтгэл байдал, үлийн цагаан огтоны тархалтын байдал авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Аймгийн хэмжээнд өвөл хур тунадас бага орсны улмаас хаврын хуурайшилт эрт явагдаж нийт нутгаар ой, хээрийн түймэр гаргах эрсдэл өндөр байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн Улсын Онцгой комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Монгол Улсын Шадар Сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын хамтарсан 2019 оны 12/А/51 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн аймгийн Засаг даргын 01 албан даалгаврын хүрээнд төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм байна. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газраас пургон машин шийдвэрлэж өгсөн юм.

Мөн Сүхбаатар аймгийн хэмжээнд үлийн цагаан огтоны тархалт өндөр байгааг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин онцолж бодлогын хувьд анхаарах ёстой асуудал байна. ХХААХҮ-ийн Ч.Улаан сайдад уламжилж онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ, Улсын онцгой комиссын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөсөн ажлыг хангалттай гэж дүгнэлээ. Түүнчлэн ажлын хэсгээс малын гоц халдварт өвчин болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс хүн хүч, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах талаар аймгийн Онцгой комисс болон холбогдох агентлагийн удирдлагуудад тодорхой чиглэл болголоо.

                                                                     

 

                                                                                                                             П.Чимидлхам