Мэдээ мэдээлэл (320/358)

Монгол улсын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд орон нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч, хэлэлцүүлэг хийх ажлыг аймаг бүрт зохион байгуулж байгаа бөгөөд манай аймагт энэхүү “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг” зөвлөлдөх уулзалт 2019 оны 03 сарын 27-нд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд Үндэсний хөгжлийн газар, БОАЖЯ, ХНХЯ, Монгол улсын их сургуулийн эдийн засгийн хүрээлэн, Жайкагийн Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн байгууллагын төлөөлөл ирж судалгааны талаарх илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Сүхбаатар аймгаас аймгийн удирдлагууд болон бүх сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил,мэргэжлийн холбоодын удирдлагууд тус арга хэмжээнд оролцлоо. 
Аймгийн Засаг дарга Ж.Эрдэннбаатар нээж үг хэллээ.
Тоймолбол:
Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтган мэндчилье.
Бүсчилсэн хөгжлийн бодлого нь хүн ам цөөн, зах зээл харьцангуй бага, засаг захиргааны нэгж олонтой манай орны нөхцөлд бүсийн хэмжээнд нэгдсэн бодлоготой байх нь орон нутаг бодлогоо улсын хөгжлийн бодлоготой уялдуулах, орон нутаг хоорондоо бодлогоо уялдуулах, хамтран ажиллахад чухал ач холбогдолтой баримт бичиг юм. 
Сүхбаатар аймаг нь аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болохоор төлөвлөж тендер шалгаруулсны дүнд мэргэжлийн судалгаа шинжилгээний байгууллага болох “Хүний хөгжлийн судалгаа” төрийн бус байгууллагаар “Сүхбаатар аймгийн хөгжлийн хөтөлбөр-2028” бодлогын баримт бичгийг боловсруулуулж байна. Энэ онд холбогдох мэргэжлийн хүмүүсийн хүрээнд хэлэлцүүлэг хийж сайжруулан АИТХ-р батлуулахаар төлөвлөсөн. Энэ нь Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулж буй энэ цаг үетэй давхцан хэрэгжиж байгаа нь аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг түүнд уялдуулан боловсруулж батлуулах боломжийг өгч байна. Иймээс бид Бүсчилсэн хөгжлийн бодлогод ямар бодлогын санал дэвшүүлэх, аймгийн хөгжлийн бодлогод ямар бодлогоо тусгах талаар мэдлэг мэдээлэлтэй болоход энэхүү хэлэлцүүлэг чухал хувь нэмэр оруулна. 
Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсч улс, орон нутагт минь хөгжин дэвших болтугай.