Мэдээ мэдээлэл (323/346)

Аймгийн удирдлагууд хатуу байр суурьтай байна

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдах бүрэлдэхүүний 7 гишүүн өнөөдөр буюу 4 сарын 03-ны өдөр Аймгийн удирдлагуудтай хэлэлцээр хийлээ.

Тус компани нь Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээр газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2005 оноос одоог хүртэл явуулж байгаа юм. Энэ хугацаанд газрын тосны тээвэрлэлт хийж буй хүнд даацын тээврийн хэрэгслүүд батлагдсан маршрутаа зөрчиж олон салаа зам гаргаж тоосжилт үүсгэн малын бэлчээр болон байгаль орчинг сүйтгэж тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийг аюулгүй орчинд амьдрах эрхийг тухайн компани зөрчиж байгаа юм.

Иймд Аймгийн Удирдлагуудын зүгээс хуулийн дагуу газрын тосны тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай болгох, маршрутаас гадна гаргасан 10 гаруй замд байгалийн нөхөн сэргээлт хийх, авто замын засвар арчлалтыг гүйцэтгэж хохирлыг барагдуулах зэрэг шаардлагыг тавьсан юм. Хэлэлцээрт талууд нээлттэй санал хүсэлтээ солилцсон бөгөөд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ны талаас байгалийн нөхөн сэргээлт болон авто замын засвар арчлалтыг тодорхой хэмжээнд хөрөнгө гаргаж гүйцэтгэхээр болсон бөгөөд хатуу хучилттай авто замыг энэ удаад тавих боломжгүй гэсэн юм. Аймаг орон нутгийн зүгээс тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас болж үүсээд байгаа дээрх асуудлуудыг МУ-ын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж арга хэмжээ авч ажиллаагүй тохиолдолд нутгийн захиргааны байгууллагаас үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах шийдвэр гаргаж байгааг мэдэгдсэн юм. Мөн цаашид авах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна гэсэн хатуу байр сууриа илэрхийллээ.