Мэдээ мэдээлэл (329/346)

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Иргэдэд газрынхаа үйл ажиллагаа, бодлого зорилтыг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулав. Мөн 04 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн “Хайрын сар”, “Архигүй Сүхбаатарчуудын төлөө” аяны нээлтийг энэ үеэр хийсэн юм. 

“Архигүй Сүхбаатарчуудын төлөө” аяныг манай газартай аймгийн ХХҮГ болон Цагдаагийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ, ИТХ, аймгийн Улаан загалмай хороо, ТББ-ууд хамтарч байгаа. Энэ аяны хүрээнд архины хамааралтай хүмүүсийн тодорхой хувийг архинаас гаргахаар төлөвлөснөөс гадна, архигүй байгууллага, хамт олныг шалгаруулах болзолт уралдааныг зургаан сарын хугацаанд зарлаад байна. Уралдааны эцсийн дүнг ирэх аравдугаар сард олон нийтэд танилцуулж, сайн туршлагыг сурталчилна.

Харин "Хайрын сар" аяны хүрээнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлэх, хосууд нэг нэгэндээ сэтгэлээ илчлэх, үр хүүхдүүд нь аав ээждээ хайртайгаа илэрхийлэх боломжийг олгох  юм. Үүний хүрээнд мөн олон төрлийн сургалт мэдээллийн ажил, уралдаан тэмцээнүүдийг зохиохоор төлөвлөсөн. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан нь архидалт, гэр бүлийн таагүй харилцаанаас үүдэлтэй байдаг. Тиймээс дээрх аянуудын хүрээнд ухуулга сурталчилгааны ажлуудыг эрчимжүүлэх болно гэж аймгийн ГБХЗХГ-ын дарга О.Балжинням ярилаа.

Аймгийн хэмжээнд энэ оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг хоёр бүртгэгджээ.

 

"Хайрын сар" аян 04 дүгээр сарын 01-нээс эхлэн нэг сарын турш үргэлжлэх бол "Архигүй Сүхбаатарчуудын төлөө" аян хагас жилийн турш үргэлжилнэ. 

 

                                                                                                                                                 Сүхбаатар /МОНЦАМЭ/.