Мэдээ мэдээлэл (330/353)

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт тус аймгийн 2-12 насны 15 мянган хүүхэд хамрагдана. Аймгийн хэмжээнд Цагаан алт, Аман хужир, Хаш-Эрдэнэ гэсэн гурван эмнэлэг сонгон шалгаруулалтад тэнцэж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Хүүхдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн оролцоотойгоор эрчимжүүлж, хүүхдийн шүдний өвчлөл, ялангуяа шүдний цоорлын тархалтыг бууруулах зорилго бүхий тус хөтөлбөрийг аймгийн хэмжээнд гурван эмнэлэг хэрэгжүүлэхээр болж гэрээгээ байгуулаад байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас нэг хүүхдийн эмчилгээний төлбөрийг 60 мянган төгрөг байхаар тооцсон. Тиймээс 2-12 насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ заавал энэ үзлэг хөтөлбөрт хамруулах шаардлагатай гэж  аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга С.Даваасайхан ярилаа.

 

“Цагаан алт” шүдний эмнэлгийн их эмч М. Мөнхтулга хэлэхдээ, хувийн хэвшлийн эмнэлэгт бага насны хүүхдийн нэг шүдэнд сувгийн эмчилгээ хийхэд доод тал нь 50 мянган төгрөг байдаг. Олон шүд өвчлөлтэй бол өртөг нь илүү өндөр гарна гэсэн үг. Харин энэ хөтөлбөрийн тухайд нэг хүүхдэд 60 мянган төгрөг төсөвлөсөн. Ингээд бодохоор хувийн хэвшлийнхэнд ашигтай биш боловч бид нийгмийн сайн сайхны төлөө, Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжиж уг үйл ажиллагаанд хамтран оролцож байна. Тиймээс эцэг эхчүүд энэхүү боломжийг алдалгүй хүүхдээ эрүүлжүүлэх үйлсэд идэвхтэй оролцоосой гэж хүсч байна гэв. 

 

                                                                                                                                    Сүхбаатар /МОНЦАМЭ/.