Мэдээ мэдээлэл (337/371)

Аймгийн онцгой комисс хуралдлаа

Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, 05 дугаар сарын 18-20 өдөр болох цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ. Эдгээр өдрүүдэд нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурах онц аюултай үзэгдэл болохыг /УЦУОШГ/-аас анхаарууллаа. 
Учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах хүрээнд холбогдох мэргэжлийн ангиуд, сумдын онцгой комиссын гишүүдэд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж ажиллахын тулд тодорхой үүрэг өглөө.
Тухайлбал,
· Мэргэжлийн ангиуд бэлэн байдалд шилжих, бэлтгэл байдлаа дахин мэдээлэх
· Хилийн цэргийн ангиуд шаардлагатай тохиолдолд дайчилгаанд ажиллах
· 2019 оны 05-р сарын 18-аас эхлэн нийтийг хамарсан ажил, албан томилолтыг зогсоох, албан томилолтод явсан ажилчдыг аймаг сумдад татах
· Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хориглох
· Онцгой комиссын гишүүд болон сумдын Засаг дарга нар энэ өдрүүдэд ажлын байрандаа ажиллах
· Харилцаа холбоог тасралтгүй байлгах
· Аж ахуй нэгж байгууллагуудыг үүрэгжүүлэх
· Цасан шуурганд өртөх магадлалтай малчдад арга зүйн зөвлөгөө хүргүүлэхэд онцгой анхаарч ажиллах
· Аймгийн хэмжээнд тээвэрлэлт хийх техник хэрэгслийг бэлэн байдлыг шалгах
· Урьдчилан сэргийлэх мэдээг иргэдэд хүргэх зэргээр ажиллахыг үүрэг болголоо.

Онцгой байдлын газраас өгсөн мэдээгээр 05 дугаар сарын 19-нд нийт нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас, зарим нутгаар ахиу хэмжээний цас орно. Салхины хурд зүүн хойноос баруун хойш эргэж 18-20м/с, түр зуур 24м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Салхины хурд, агаарын даралтын төлөв байдал 1980 онд болсон цаг агаарын үзэгдэлтэй ижил төстэй үйл явдал болж болзошгүй байгаа тул мэргэжлийн анги байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймгийн Онцгой комиссын дарга анхаарууллаа.

05 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагаас 21-ний 08 цаг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хааж, замын хөдөлгөөнд хяналт тавьж, хяналтын постуудыг тодорхой цэгүүдэд 24 цагаар ажиллуулах үүргийг аймгийн Цагдаагийн газар гүйцэтгэнэ.

Өндөрхаан- Мөнххаан- Баруун-Урт чиглэлийн төв магистрал замд цас хамгийн их төвлөрдөг цэгүүдэд цас цэвэрлэгээний техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах хүчнийг урьдчилан байрлуулж, шатахууны нөөцийг хангаж ажиллахыг "Талын зам" компанид даалгалаа.

Мөн бүх ААНБ дээрх өдрүүдэд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, аймгийн Онцгой комиссын гишүүд нэг нэгээр сумдыг хариуцан, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах чиглэлийг өгөв.