Мэдээ мэдээлэл (342/358)

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2019 оны хагас тайланг нэгтгэж Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс танилцууллаа. Хяналт, шинжилгээ үнэлгээний ажлын тайланг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан хяналт, шинжилгээ үнэлгээний журмын дагуу албан байгууллагууд 6-р сарын 15-ны дотор ирүүлсэн байх үүрэгтэй. Гэтэл байгууллагууд заасан цаг хугацаанд нь тайлан мэдээгээ өгдөггүй, дарга нар өөрсдөө нягталж хянадаггүй, хариуцсан мэргэжилтэнд үүрэг өгөөд орхидог. Үүнээс болж тайлагналт дутуу,үйл ажиллагааг тоочиж бичихээс биш , үр дүнг тооцсон, харьцуулж дүн шинжилгээ хийдэггүй байдал нийтлэг ажиглагдаж буйг ХШҮДАХ-ийн дарга Д.Баасандорж онцолж анхаарлууллаа. Хугацаанд нь тайлангаа өгөөгүй байгууллага байгааг ч дурьдаж байлаа. Өмнөх жилийн ажлаа хуулаад биччихсэн тохиолдол бий гэдгийг хэллээ. Тиймээс Засаг даргын зөвлөлийн хуралд алба, агентлагийн дарга нарыг оролцуулж өргөтгөсөн байдлаар хийсэн юм. Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар дээрхи асуудалтай холбогдуулж хэд хэдэн чиглэл өглөө. Бид хийсэн ажлаа тайлагнаж, цаасан хэлбэрт оруулах, танилцуулах тал дээр учир дутагдалтай байна, ер нь ажил албандаа хариуцлагатай, хянамгай хандаж ажиллахыг хатуу санууллаа. 2018 оны жилийн эцсийн хэрэгжилт 77.5 хувьтай байсан бол 2019 оны хагас хэрэгжилт 80.9 хувьтайгаар тайлан нэгтгэгдэж байна. Ирүүлсэн тайлангаас харахад өөрийн үндсэн салбар чиглэлийн заалтын хэрэгжилтийг орхигдуулах, зорилтот арга хэмжээний хэрэгжитийг илэрхийлэх шийдвэрийн огноо, дугаар, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжээ, тоон үзүүлэлтийг тусгахгүй байгаа алдаа дутагдал нийтлэг гарч байна. 2019 оны хагас тайланг хугацаа хожимдуулсан, дутуу дулимаг хандаж ажилласан, хариуцлага алдсан албан тушаалтанг нэг бүрчилэн танилцуулж, дарга нарт нь хариуцлага тооцох, босоо удирдлагатай агентлагуудын дарга нарыг харъяа дээд газарт хандаж, хариуцлагын арга хэмжээ тооцуулах санал явуулахыг ТЗУХ-ийн дарга Т.Ган-Очирт үүрэг болголоо. Тайлангийн хугацаа хожимдуулсан,  ажил албандаа хойрго, хайнга хандсан байгууллагуудыг харахад босоо удирдлагатай агентлаг, газрууд байгааг дурьдах нь зөв зүйтэй.

                                                                                Сэтгүүлч:   Б.Өлзийтогтох