Мэдээ мэдээлэл (363/368)

Гэрэлт хөшөөний нээлтэд аймаг орон нутгийн удирдлагууд, нутгийн ард иргэдээс гадна Ц.Жигжиджавын ач, зээ нарын төлөөлөл оролцсон юм. Ажил үйлс нь ундарч мал аж ахуй, газар тариалангийн маань үр шим дэлгэрсэн налгар намрын энэ сайхан өдөр нутгийн иргэд та бүхэнтэйгээ уулзан учирч, энэхүү сайхан үйл ажиллагаанд оролцож байгаадаа Ерөнхий сайд миний бие сэтгэл өндөр байна. Шинэ тулгар төр, төр улс үүсгэн байгуулсан 1920, 1930-аад оны Монголын улс төрийн амьдралд гэрэл гэгээтэй тод мөрөө үлдээж, улс эх орондоо бие сэтгэл, оюун ухаанаа зориулсан төрийн түшээдийн нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Жигжиджав байсан юм. Түүний үйл хэрэг, алдар гавъяаг сэргээн мөнхжүүлэх талаар Сүхбаатар аймгийн иргэд, олон нийтийн зүгээс удаа дараа тавьж байсан хүсэлтийг манай Засгийн газар дэмжиж, аймгийн ЗДТГ амжилттай хэрэгжүүлснээр энэ нутагт түүх соёлын нэгэн үнэт өв сүндэрлэн босч байна.
Ц.Жигжиджав агсан Манжийн хааны сүргийн үлдэгдлийг ядуу ардын өмч болгох тухай Намын төв хороо, ардын Засгийн газрын тогтоолыг өөрийн санаачилгаар 1926 онд батлуулан Манжийн хааны гэх гадаадын данстай мал сүргийг одоогийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ядуу иргэдэд өмч болгон өгч байсан түүхтэй. Түүний санаачилсан Монгол төр, засгийн шийдвэр нь орлого багатай иргэдэд нийтийн өмчийг хувьчлан өгч, тэдний аж амьдралыг өөд нь татах түүхэн шинэ бодлого байсан юм. Мөн Монголын анхны аж үйлдвэрийн комбинатуудыг ашиглалтад оруулж байсан түүх бий. Ингэснээр дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг Орос улс руу экспортолж оронд нь хүн ардаа эрүүлжүүлэх, малыг халдваргүйжүүлэх эм тарилга, харилцаа холбооны тоног төхөөрөмж, цахилгаан гэрэлтүүлгийн материал зэрэг нийгмийн хэрэгцээ, ард түмэнд шаардлагатай барааг оруулж ирэх анхны алхмыг хийж байсан юм.
Түүний бас нэгэн гавъяа бол хуучин зохион байгуулалт болох 72 хошууг татан буулгаж, анхны 13 аймгийг шинээр байгуулан одоогийн засаг захиргааны эх үндсийг тавьсан нь 88 дахь жилдээ хэрэгжин биелэлээ олж буй явдал юм. Түүнийг насан эцэслэсний дараагаар зохиомол хэргүүдэд удаа дараа холбогдуулан үр хүүхэд, ах дүү, ойр дотны найз нөхдийг нь хэлмэгдүүлж нэр төрийг нь олон жилийн туршид сэвтүүлж байсныг эдүгээ цагаатган гэм буруугүйд тооцсон билээ.
Энэхүү гэрэлт хөшөөнөөс Монгол Улсын тусгаар тогтнол үүсэхэд учирч байсан элдэв саад тотгор, салхи шуургыг сөрөн тэмцэж, ирээдүйн сайн сайхны төлөө зорин тэмүүлж яваа эх оронч Ц.Жигжиджавын манлайлагч, бүтээгч, анхдагч шинж чанарыг та бүхэн харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ц.Жигжиджавын мөнхийн дурсгалыг хүндэтгэн энэхүү хөшөөг босгоход хамтран зүтгэсэн бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нэгэн нутгаас төрөн гарсан, Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайдынхаа хөшөөий өөдөөс гуч дахь Ерөнхий сайд нь хараад зогсож байна гэдэг ховор тохиолдол учир миний бие ихэд билэгшээж байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үгэндээ онцлов.
Гэрэлт хөшөөний нээлтийн үеэр Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ч.Улаан ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын ач зээ, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүллээ.