Мэдээ мэдээлэл (385/411)

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 8 дахь жилдээ тодорхойлон үр дүнг танилцууллаа. Сүхбаатар аймаг 2018 онд 15 оноогоор ухарсан бол энэ жил 73.07 оноогоор 7-р байр эзэллээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.

Хамгийн тогтворгүй оноотой, өөрчлөлтүүд их байдаг бүлэг нь засаглалын үр ашиг бүлэг байна. Ийнхүү 21 аймгаас Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг тэргүүлжээ. Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон аймаг тэргүүлсэн хэвээр байна. Харин удаах байруудад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд оржээ. Харин сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, Засаглалын үр ашгаар Сүхбаатар, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Дэд бүтцээр Орхон аймгууд тус тус тэргүүлжээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 2 оноогоор буурсан. Аймгуудын дундаж онооноос харахад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгүүдийн оноо буурсан бол дэд бүтэц бүлгийн оноо өссөн байна.