Хэвлэлийн тойм (1/1)

Баяндэлгэр сум

          Дарьганга хошууны баруун гар тэмээчин сүргийн нутагт 1925 онд Дарьганга уулын хошууны 18 сумын нэг болж Улаан нуур хэмээх  газарт 8 багийн 300 орчим өрхттэйгөөр анх байгуулагдсан байна. Цагаан чулуут, Замын шандыг дамжин нүүдэлсээр 1942 онд Ширээтийн хийдийн туурин дээр ирж суурьшсан.1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 10 багийн 600 гаруй өрхтэйгөөр шинэчлэгдэн Дорнод аймгийн харъяанд байж байгаад 1942 онд Жавхлант шарга  аймаг байгуулагдахад  шилжиж орсон.  7.1 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, говийн бүсэд багтдаг.

          Аймагтаа нийт малын тоогоор болон хонь, ямаагаар тэргүүлдэг. Ширээтийн цагаан адуу, сайн чанарын ноолууртай нутгийн улаан ямаагаараа алдартай.

       Баяндэлгэр сум 1942 онд ноос бэлтгэх, мал өсгөх төлөвлөгөөг биелүүлж БНМАУ-ын Засгийн газрын Хүндэт үнэмлэхээр, 1973 онд малын зүй бус хорогдлыг багасгасан учир улсад хоёрдугаар байр эзэлж ЖЭС-60 цахилгаан мотороор, 1974 онд тэмээн сүргээ өсгөж улсад 3 дугаар эзэлж чиргүүлтэй трактороор, 1977 онд зуун эм ямаанаас хамгийн олон ишиг бойжуулж улсад тэргүүлж мөнгөн ишигний дүрс, мөнгөн шагналаар, 1978 онд улсын хэмжээнд хамгийн олон төл бойжуулж анх удаа төлийн байр хийж ГАЗ-53 машинаар шагнуулж байжээ. 1978 онд  “Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын намын байгууллагын ажлын туршлагыг намын анхан шатны бүх байгууллагын ажилд нэвтрүүлэх тухай”  МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны тогтоол, 1980 онд “Намын даалгавар” нэртэй таван бүлэг бүрэн хэмжээний баримтат киног Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн бүтээж олны хүртээл болгож байжээ. Баяндэлгэр сумын ууган хүү Балжирын Лхамжав нь  Түвшинширээ, Баяндэлгэр, Мөнххаан суманд намын даалгавараар үр бүтээлтэй ажиллаж АИХ-ын депутатаар гурван удаа сонгогдож, Монгол улсад Нэгдэлжих хөдөлгөөн ялсны хорин жилийн ойгоор 1979 оны 12  дугаар сарын 01-ний өдөр  БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар эрхэм цолыг хүртсэн байна. 

         Баяндэлгэр сумын ард түмний дундаас Хөдөлмөрийн баатар 4, ХАА-н гавьяат нэгдэлчин 1, доктор, дэд доктор 10 гаруй, улсын аврага болон хошой аврага малчин, улсын сайн малчин 40 шахам, улсын аврага МАА-н мэргэжилтэн хоёр зэрэг ажил хөдөлмөрийн сайчууд, алдарт дархан Балдан-Осор, Молом, Содов, улсын начин Ц.Анхбаяр, хөдөлмөрийн баатар хоньчин Н.Дугаржав, Л.Хоролгарав, гавьяат нэгдэлчин Ц.Насан зэрэг алдартангууд төрөн гарч сум, нутаг усныхаа нэрийг дуурсгасаар байна.

          Баян, Дөхөм, Хонгор, Дэлгэр, Төв, Ширээт гэсэн зургаан багтай.

         Сумын анхны дарга нь Д.Баян гэдэг хүн байсан бөгөөд Ардын хувьсгалын 13 жилийн ойгоор төрийн дээд шагнал одонгоор шагнуулж байжээ. Сумын даргаар Санж, Ю.Наваан, Чойров, Авирмэд нар 1925-1941 онд ажиллаж байсан байна.

Б.Шагдар 1941-1944, 1948-1952 он

Б.Цэнд 1944-1945 он

Б.Зундуй 1945 он

Т.Зундуй 1945-1946 он

Я.Аюуш 1946-1948, 1952-1956 он

Т.Содномтүнрэв 1956-1959 он

Б.Гомбосүрэн 1959-1962 он

Л.Пүрэвжамц 1962-1969 он

С.Цэгмид 1969-1974 он

Д.Данжилаа 1974-1977 он

О.Дамдин 1977-1980 он

Н.Халзан 1980-1985 он

Ж.Дорждэрэм 1985-1990 он

О.Пэрэнлэй 1990-1992 он

Л.Дашзэвэг 1992-2000 он

Х.Батмөнх 2000-2004 он

Л.Аваадорж 2004 оноос засаг даргаар ажиллаж байна.

      Баяндэлгэр сумын даргаар 9 жил ажилласан Б.Шагдар нь 1945-1948 онд Сүхбаатар аймгийн Бага хурлын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байжээ.