Хэвлэлийн тойм (111/122)

“Тусгаар тогтнол” үзэсгэлэн нээгдлээ

Аймгийн Угсаатны зүйн музей, Сүхбаатар сумын музей хамтран их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тохиолдуулан “Тусгаар тогтнол – Түүхийн жимээр” үзэсгэлэн дэглэж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга З.Энхтөр Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Бид их жанжнаараа овоглосон цорын ганц аймгийнхан учир энэ түүхэн хүнийхээ нэрийг өндөрт өргөж явах үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд жанжны нэр хүндийг харлуулах гэсэн, хийгээгүй үйлдэл хэлээгүй үгийг нь хэлсэн хийсэн мэтээр гүтгэх явдал гарч байна. Энэ бүхний зангилааг тайлж, Д.Сүхбаатар жанжин ямар хүн байсан бэ гэдгийг олон нийтэд үнэн зөвөөр таниулах  хүмүүс нь бид юм. Энэ нутаг орны хүн бүр үүнийг бодож санаж явах учиртай” гэж онцолсон юм.

Үзэсгэлэнд Сүх жанжны эдэлж хэрэглэж байсан ташуур, буу, богц болон “Өглөө” киноны үед хэрэглэж байсан дээл хувцас, зураач урчуудын урласан зураг, баримал, хатгамал, зээгт наамал зэрэг үзвэрийг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн онцлох зочдоор их жанжны төрөл төрөгсөд уригдсан байлаа. Д.Сүхбаатар жанжны үр хүүхэд, ах дүү, ач зээ нийлсэн 300 гаруй хүн байдгаас аймагт 70 орчим нь байдаг бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаанд тэдний төлөөлөл оролцсон юм.

Үзэсгэлэнгийн зургийн цомгийг https://www.facebook.com/media/set/edit/a.1796058927323299.1073742153.1395490340713495/ эндээс үзээрэй.