Хэвлэлийн тойм (112/122)

“Д.Сүхбаатарын үйл хэргийг залгамжлах хойч үе нь болсондоо бид бахархдаг” зохион бичлэгийн уралдааны дүн гарлаа

Төр нийгмийн нэр зүтгэлтэн, их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Манай аймаг 1942 онд байгуулагдахдаа "Жавхлант шарга" нэртэй байсан бөгөөд Д.Сүхбаатарын насан эцэслэсний 20 жилийн ойгоор буюу 1943 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 05 тоот тогтоолоор Сүхбаатар аймаг гэж нэрлэгдсэн юм. Их жанжнаар овоглосон аймгийн хувьд төр нийгмийн нэрт зүтгэлтнийхээ ажил үйлс, хөдөлмөр зүтгэлийг нэхэн санах, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор ойн энэ өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан олон үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Д.Сүхбаатарын үйл хэргийг залгамжлах хойч үе нь болсондоо бид бахархдаг” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг Боловсрол, соёлын газар, Ахмад багш нарын холбоотой хамтран зохион байгуулж, шалгарсан сурагчдын шагналыг өнөөдөр гардууллаа. Аймгийн 16 сургууль уралдааны нэгдүгээр шатыг сургуулийнхаа хэмжээнд зохион байгуулж, хоёрдугаар шатанд 54 бүтээл ирүүлжээ. Үүнээс Д.Сүхбаатарын нэрэмжит лаборатори 1-р бүрэн дунд сургуулийн 12б ангийн сурагч Л.Хонгорзул, 3-р бүрэн дунд сургуулийн 12б ангийн сурагч Н.Оюунтуяа, 4-р бүрэн дунд сургуулийн 11в ангийн сурагч Ш.Хонгорзул нар эхний байруудад шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Халзан сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Г.Ангараг, Дарьганга сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Болорцэцэг нар тусгай байранд орж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.