Хэвлэлийн тойм (116/122)

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн

А/93 дугаар тушаалын хавсралт


МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

1. Тодорхойлолт: Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гоц халдварт өвчин юм. Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог.

2. Өвчний үүсгэгч: Шүлхий өвчнийг үүсгэгч вирус нь Пикорновиридэ ангийн Афтовирус зүйлд хамаарна. Шүлхийн вирус нь А, О, Ази-1, С, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн дархлаа төрүүлэх чанараараа өөр долоон хэвшил байх ба тэдгээрийн дотор 60 гаруй дэд хэвшил тодорхойлогджээ. Гэвч шүлхий өвчин байнга гардаг нутагт цөөн хэдэн дэд хэвшлээр өвчин үүсдэг. Шүлхийн вирусын аль нэг хэвшлээр өвчилсөн мал, амьтан бусад хэвшлээр хам өвчлөх магадлалтай.

3. Үүсгэгчийн тэсвэрт чанар: Шүлхийн вирус нь устөрөгчийн ионы төвшрүүлгийн (рН) өөрчлөлтөд мэдрэг тул түүнийг 6 - аас доош эсвэл 9 - өөс дээш рН бүхий орчинд үйлчлүүлэхэд идэвхээ алдана. Мах загссаны дараа түүний рН 6-аас доош болоход шүлхийн вирус идэвхгүйжих ба харин ясны чөмөг, тунгалгийн зангилаанд вирус удаан амьдарна. Орчны хэм, нарны гэрэл, чийг, рН төвшрүүлгээс хамаарч шүлхийн вирус гадаад орчинд нэг сар хүртэл халдварлах чадвартай байна. Цууны хүчлийн 2 хувийн уусмал, нимбэг хүчлийн 0, 2 хувийн уусмал зэрэг хүчиллэг эсвэл идэмхий натрийн 2 хувийн эсвэл карбонат натрийн 4 хувийн уусмал зэрэг шүлтлэг уусмалд шүлхийн вирус тэсвэргүй бол иодын нэгдэл, хлорын шохой, фенол, аммонийн нэгдэлд шүлхийн вирус харьцангуй тэсвэртэй.

4. Халдвар дамжих зам: Халдварын голомт нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үр зэрэгтэй хамт ялгаран гарсан вирүсээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг болно. Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн вирусээр бохирлогдсон зүйлээр  дамжин тархах бөгөөд өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдаж болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед  шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой.

Шүлхий өвчтэй малтай харьцан ажиллаж байсан хүний багалзуурын салсанд шүлхийн вирус түр хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул голомтоос гарснаас хойш 3-5 хоног мал, амьтантай газар очихыг хориглоно.

5. Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 14 хоног байна. Шүлхий өвчнөөр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрнэ.

Гахай: Шүлхий өвчинд хамгийн мэдрэмтгий амьтан юм. Хэрвээ гахайн фермд энэ өвчний халдвар тархсан бол анхны шинж тэмдэг илрэхээс өмнө маш хурдан хугацаанд газар авсан байдаг. Ид өвчилж байгаа үед нэг өдөрт гахай 2,8 х 108 халдварлах нэгж бүхий вирусыг ялгаруулдаг бол үхэр, хонинд энэ үзүүлэлт 1,8 х 105 буюу бараг гахайнаас 3000 дахин бага вирус ялгаруулж байгаа нь тогтоогдсон (Donaldson, 1983, 1987). Хэрвээ гадаад орчин нь нэн тохиромжтой буюу харьцангуй чийгшил нь 60%, хүйтэн сэрүүн байх тохиолдолд маш богино хугацаанд халдвар тархана.

Гахай халдвар авснаар 40-40.6 0C халуурч, тэжэээлдээ дургүй болон хөдөлгөөн нь удааширна. Мөн турууны титэм, өсгий, турууны салаа, хоншоороор нь үлхий гарна. Амны хөндийд гэмтэл гарах нь нийтлэг биш ч хэрэв гарвал хэмжээ нь бага, үхрийг бодвол хурдан эдгэрэх "хуурай" хэлбэрийн гэмтэл үүснэ. Харин шүлс гоожихгүй. Мэгж хээл хаях, торой ямар нэгж шинж тэмдэггүйгээр үхэх нь бий.

Үхэр: Бусад зүйлийн амьтдыг бодвол үхэр нь амьсгалын түрлэг их учраас агаар дуслын замаар халдвар авдаг. Үхэр нь тухайн нутаг дэвсгэрт шүлхий өвчин байгаа эсэхийг тодорхойлох индикатор амьтан болж байдаг.

Шүлхий өвчнөөр өвчилсөн үхэрт эхлээд 39.4-40.60C хэм халуурах, номойрох, тэнцвэрээ алдах, тэжээлдээ дургүй болох, сүү нь татрах шинж илэрнэ.  Шүлс нь гоожих, урсах, хамраас нь шингэн гоожих, хөлөө савлах, тийрэх эсвэл доголох, үлхий үүсэх шинж дагалдана. Ихэвчлэн хэл, буйл, жавьж, зөөлөн тагнай, хамрын толио, турууны салаа, турууны титэм, хөхөн дээр үлхий үүснэ. Үлхий ил харагдахгүй гарах нь бий. Үлхий үүссний дараа шүлс нь мэдэгдэм ихсэж хамраас нь шингэн урсах, мөн доголох шинж зэрэгцэнэ. Үнээ хээл хаях, нялх тугал үлхий үүсэхийн зуургүй үхэж болно. Шүлхий өвчин 2-3 долоо хоног үргэлжилнэ. Хоёрдогч халдвараас шалтгаалан элгэрэлт удааширч болно. Дэлэнгийн эдийн гэмтлээс шалтгаалан саалийн малын сүү эрүүл үеийнхээсээ татарна.

Шүлхий өвчний халдвар авсан үхэр 3 жил хүртэл вирусийг тээх боломжтой.

Тэмээ: Ам, хөл гэмтээх шинж тодорхой, их өвөрмөц байдлаар илэрч болно. Хоёр бөхт тэмээнд хөлийн тавагны хучуур эдийн давхрага, тавхайн титмийн заагаар хуурч унасан болон өвчүүний сайр хуурч гэмтсэнээс болж ихэнхдээ бөөрөөрөө хэвтэх байдал ажиглагддаг. Тэмээний амны хөндий гэмтэж, шүлс гоожих нь үхрийнхтэй төстэй боловч хоёрдогч халдвараар хүндэрч ам нь өмхийрөх явдал түгээмэл байна.

Хонь, ямаа: Шүлхийн вирусийн халдвар авсан хонь, ямаанд  эмнэл зүйн шинж тэмдэг, хувиралт маш бүдэг буюу номойрох, буйл, уруул, жавьж, хэлэн дээр жижиг хэмжээтэй үлхий гарах байдлаар илэрнэ. Доголох нь бог малын шүлхийн гол шинж юм. Доголсон малын турууны титэм эсвэл салаанд нь үлхий, шархлаа үүссэн байж болно.  Халдвар авсан мал хээл хаях, хөхүүл хурга ямар нэг шинж тэмдэггүйгээр үхэх нь бий.
Шүлхий өвчний халдвар авсан хонь, ямаа 12 сар хүртэл вирусийг тээх боломжтой

Эмгэг хувирал: Үхрийн ам, багалзуур, залгиурын цочмог салст үрэвсэл, салст бүрхүүл, усавхи бүрхүүлийн дорх цус харвалт болсон байна. Амны хөндий, залгиур, улаан хоолой, сархинаг, гүзээ, хамрын толио, уруул, хөх, туруу, турууны салаанд үлхий, шархлаа, яр үүссэн байна. Ходоод, 12 хуруу гэдсэнд олон тооны цус харвалт үүссэн байхын дээр салст бүрхүүлийн цусархаг, салст, усавхи үрэвсэл юм уу цус ихдэж хавагнасан байна. Уушгинд тогтонгишнолын цус ихдэлт, хаван үүссэн байдаг бол хөлөнд үлхий, шархлаа үүсэж үрэвсэнэ. Дэлэн дээр үлхий үүсэх ба хүндэрсэн үед идээт үрэвсэл болно. Ил харагдах тунгалгийн зангилаа томорч цус ихдэлт болсон байна.

Хорт хэлбэрийн үед зүрх, их биеийн булчинд сөнөрлийн, үхжлийн  шаргалдуу өнгөтэй голомтууд үүсдэг бол зүрхний булчинд цагаан судлууд үүсэх бөгөөд “баран зүрх” гэж нэрлэдэг. Хөл, нуруу, хавирганы завсар, хэлний булчингууд гэмтсэн байна.

Тугал, торой, хурганд ходоод, гэдэсний усавхи цусархаг үрэвсэл, заримдаа “баран зүрх”  илэрнэ. Бусад төрлийн мал, амьтанд ч үхэрт илэрсэнтэй адил эмгэг хувиралт ажиглагдана.

6.    Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.1–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялган авах болон сонгомол ба бодит хугацааны БХ–ПГУ, эсрэгтөрөгч, эсрэгбием илрүүлэх ЭЛИЗА, ВСУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.

Ялгаварлан оношлох: Шүлхий өвчнийг амны хөндийн цэврүүт үрэвсэл, гахайн цэврүүт өвчин, гахайн цэврүүт экзентема, туурайн илжрэл, химийн болон халууны түлэгдэл зэргээс ялгаварлах хэрэгтэй. Мялзан, үхрийн халдварт хамар, уушигны үрэвсэл, үхрийн вируст чацга алдалт, үхрийн хорт салст халуурал, хэл хөхрөх өвчний үед үхрийн амны хөндийд илрэх шинж тэмдэг нь шүлхийн хожуу үеийн шинжтэй төсөөтэй байж болно. Хонинд хэл хөхрөх, амруу өвчний үед үзэгдэх шинж,  уруул, хөлөнд гарах яршил нь шүлхийн шинж тэмдэгтэй төстэй байж болно.

7. Эмчилгээ: эмчилгээ хийдэггүй.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Шүлхий гарсан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн мэргэжлийн  байгууллагын дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын засгийн газар болон аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтооно.

8.1. Нутгийн захиргааны байгууллага, онцгой комиссын гүйцэтгэх үүрэг:

Шүлхийн өвчин гарч хорио цээр тогтоосон үед дараах бүсүүдийг тогтоож дор дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

8.2.  Шүлхий өвчний үед хорио цээр тогтоохдоо олон улсын хэмжээнд мөрддөг стандарт, Монголын мал аж ахуй эрхлэх онцлог,, шаардлагууд, өвчин гарсан нутгийн газар зүйн байршил, дэд бүтэц, хүн, мал, амьтны нягтшил, халдварын байдал зэргийг харгалзан халдварын голомтын, сэжигтэй, хамгаалалтын болон өвчнөөр тайван буюу эрүүл бүс гэж ангилна. Бүс бүхэнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь өвчний байдал, тархалт, хамрах хүрээнээс хамаарах ба бүсүүдэд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

8.2.1 Халдварын голомтын бүс:

Өвчин гарсан сумын нутаг дэвсгэрт бэлчээр, ус нэгтэй, мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саахалт байгаа хэсэг хот айлуудын аль нэгнийд нь шүлхий өвчин гарсан тохиолдолд тэдгээрийг нийтэд нь халдварын голомтын бүс хэмээн үзэж мал эмнэлгийн хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, бусад хот айлуудаас зааглан тусгаарлаж дараах хорио цээрийн  арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

 Өвчний сэжиг илэрсэн сүрэгт малын эмч зааврын дагуу үзлэг, тандалт хийж, лабораторийн шинжилгээний дээж авна.
 Малын эмч болон шуурхай ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Халдварын голомтын бүсийг тухайн халдварын нөхцөл байдал, газарзүйн байрлал, цаг агаар, бусад хүчин зүйлсийг харгалзан тухайн шатны Засаг даргын захирамжаар тогтоож, голомтын бүс гэж танигдахуйц тэмдэг тавих (алсаас харагдахуйц улаан өнгийн дарцаг хатгах);
 Голомтын бүсээс гадагш хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  хориглох, бүсийн доторх хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх;
 Голомтын бүс рүү орох, гарах цэгийг ариутгал халдваргүйжүүлэлт хийх боломжтой цэг, гол замыг түшиглэн байгуулна.
 Голомтын бүсээс гарах зайлшгүй шаардлагатай тохиолдолд (эмнэлгийн яаралтай түргэн тусламж, шаардлагатай эм, урвалж, багаж хэрэгсэл, вакцин, хоол хүнс голомтонд оруулах) мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор хөдөлгөөнийг зөвшөөрөгдсөн цэгээр, зохих ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж явуулна. Голомтын бүсээс гарсан хүн 10 хоногийн хугацаанд малтай харьцахгүй байх ёстой.
 Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах байгуулахыг  (хурал, цуглаан, урлагийн тоглолт, баяр наадам, уул ус овоо тахих, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан гэх мэт) хориглох;
 Шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг вакцинжуулах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх; 
 Малын эмчийн ялган тусгаарласан зөвхөн өвчин хүндэрч эдгэрэх боломжгүй болсон мал болон шүлхийн халдвар илэрсэн аж ахуйн бүх гахайг зовоохгүй аргаар устгах;
 Шүлхий өвчнөөр өвчилсөн малыг малын эмчийн хяналтан доор ээмэглэж (шивээс, тамга гэх мэтийг давхар хийж болно), бүртгэл хийнэ. 

Нэг сумын нутаг дэвсгэр дээр хоорондоо зайтай хэд хэдэн голомт үүссэн нөхцөлд тус бүрт нь дээрх бүсүүдийг тогтоох ба цаашид голомтууд ойртох тусам тэдгээрийг нэгтгэн нэг голомтод хамруулна.

8.2.2 Сэжигтэй бүс:

   Бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой хил залгаа оршдог, өвчний халдвар тархаж болзошгүй хот айл, тэдгээрийн бэлчээр нутгийг хамруулан сэжигтэй бүсийг тодорхойлж, хязгаарлалтын дэглэм тогтоож, байнгын хяналтын цэг гарган ажиллуулна. Сэжигтэй бүсийн хязгаарыг бэлчээрийн байрлал, усны эх үүсвэр, зам харилцаа, газар зүйн хориг саад, орон нутагт давамгайлах салхины чиглэл, мал, хүний нягтшил, өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа газар, малтай айлуудын шилжилт хөдөлгөөн хийж болзошгүй чиглэлийг харгалзан үзэж голомтын хязгаараас гадагш 60 км-ээс ихгүй тойрогт тогтоож, дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ

 Сэжигтэй бүсийг малын эмч болон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар тогтоож, сэжигтэй бүс гэж танигдахуйц тэмдэг тавих (алсаас харагдахуйц шар өнгийн дарцаг хатгах)
 Шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтанд зааврын дагуу эрүүл мэндийн үзлэг, тандалт, вакцинжуулах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх.
 Сэжигтэй бүсээс гарах, дамжин өнгөрөх хөдөлгөөний хяналтын цэгийг байгуулж, зааврын дагуу халдваргүйжүүлэлт хийнэ. 
 Зайлшгүй шаардлагаар сэжигтэй бүсээс гадагш гарах хүн, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөгдсөн цэгээр мэргэжлийн байгууллагын хяналтын доор ариутгал, халдваргүйжүүлэлт хийснээр гаргаж болно. Сэжигтэй бүсээс гарсан хүн 10 хоног малтай харьцахгүй байх ёстой. 
 Сэжигтэй бүсээс амьд мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг голомтын бүсэд сүүлчийн өвчлөл бүртгэгдсэнээс хойш 21 хоног хориглох,
 Сэжигтэй бүсээс мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн гаргахыг  сүүлчийн өвчлөл бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн турш хориглох;
 Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг (хурал, цуглаан, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ, баяр наадам, уул ус овоо тахих, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан гэх мэт) хориглох;

Сумын нутаг дэвсгэрт олон тусдаа голомт үүссэний улмаас бүхэлдээ сэжигтэй бүс болон хувирсан тохиолдолд сэжигтэй бүсийн заагийг сумын хилээр тогтоож, хорио цээрийн онцгой дэглэм хэрэгжүүлнэ.

8.2.3 Хамгаалалтын бүс

Сэжигтэй бүсэд хамрагдсан сумын хилийн цэс, эрсдэл бүхий улсын болон олон улсын чанартай авто, төмөр, мал тууврын зам зэрэг хүн, малын хөдөлгөөнийг харгалзан хамгаалалтын бүсийг тогтооно. Уг бүсэд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 Хамгаалалтын бүсийг малын эмч болон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар тогтоож, хамгаалалтын хамгаалалтын бүс гэж танигдахуйц тэмдэг тавих (алсаас харагдахуйц ногоон өнгийн дарцаг хатгах)
 Хамгаалалтын бүсийн шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг вакцинжуулна. 
 Хамгаалалтын  бүсээс гарах, дамжин өнгөрөх хөдөлгөөний бүртгэл, хяналтын цэгийг байгуулна.
 Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох

8.2.4 Эрүүл бүс - Хамгаалалтын бүсийн заагаас гадна орших, өвчний халдвар дамжаагүй болох нь батлагдсан нутаг дэвсгэрийн хэлнэ.

8.3 Хорио цээрийн дэглэмийг цуцлах:

Сүүлчийн өвчтэй мал илэрснээс хойш 28 хоног, эсвэл сүүлчийн вакцинжуулалтыг хийснээс хойш 14 хоногийн дараа бүх өвчлөмтгий малд мал эмнэлгийн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр цуцална. 

Шүлхий өвчний шинж тэмдэг илэрч тусгай тэмдэглэгээ хийгдсэн малыг хорио цээрийн дэглэм цуцалснаас хойш 12 сарын дотор хэрэгцээлэх талаар зөвлөмж өгнө.

8.4 Уг өвчинтэй тэмцэхэд гарах бусад зардлыг “Гамшгаас хамгаалах тухай”, “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” болон бусад хууль, тогтоомжуудаар зохицуулна.

8.5 Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

8.5.1 Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, хуульь тогтоомж, дүрэм, журам,  зааврын биелэлтэнд хяналт тавих ;
8.5.2 Хорио цээрийн дэглэм тогтоох, татан буулгах үндслэлийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах;
8.5.3 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох;
8.5.4 Ариутгал, халдваргүйжүүлэлт, вакцинжуулах ажлын явц, амьд мал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих;
8.5.5 Зориудаар нядлах мал, амьтны бүртгэлжүүлэлт, нядалгаа, зайлшгүй шаардлагаар устгалд хяналт тавих;

8.6 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

8.6.1 Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх;
8.6.2 Өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээр зохих шатны төрийн захиргааны байгууллагуудыг хангаж байх;
8.6.3 Өвчинтэй тэмцэх болон мал, амьтныг эрүүлжүүлэх арга хэмжээг зааврын дагуу зохион байгуулах, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, эрүүл малыг голомтын бүсэд оруулахгүй байх;
8.6.4 Голомт, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, халуунгүй эрүүл малд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих;
8.6.5 Халдварын голомтын хил хязгаарыг тогтоох, өвчин гарсан шалтгааныг судлан илрүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэх;
8.6.6 Өвчтэй, халдвар авсан, өвчний сэжигтэй мал амьтны хашаа, байр, зогсоол, уяа, тоног хэрэгсэл, тэжээлийн үлдэгдэл зэргийг байнга халдваргүйжүүлнэ.
8.6.7 Үхсэн болон устгах зорилгоор нядалсан мал, амьтны сэг зэмийг зааврын дагуу устгуулах;
8.6.8 Эмнэлзүйн ил шинж тэмдэгтэйгээр өвчилж нядалгаанд орох малыг ээмэгжүүлэх (шивээс дарах, тамгалах гэх мэттэй цуг) ажлыг хянаж, бүртгэл хөтөлнө.

8.7 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

8.7.1 Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх;
8.7.2 Аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
8.7.3 Малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологийн дэглэмийг сахих;
8.7.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх;
8.7.5 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх ;
8.7.6 Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;
8.7.7 Өвчилж тэмдэглэгдсэн малыг тогтоосон хугацаанд нядалгаанд оруулах;

9. Тандалт шинжилгээ:

Шүлхий өвчний вирусийн халдвар, тархалтын талаар тандалт шинжилгээг 12 сарын дотор хийнэ. 

10. Хариуцлага

Зааврын хэрэгжилтийг биелүүлээгүй иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.