Хэвлэлийн тойм (121/122)

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч  Т. Амарбаатар Япон улсад зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны ”Гамшгаас урьдчилан сэргийлэх хороо”-ны 15 дугаар хуралд оролцоод иржээ.

Тус хурал нь 3 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд болсон байна. Хуралд Зүүн өмнөд Азийн таван улсын буюу Орос, Хятад, Монгол, Солонгос, Япон зэрэг улсуудын нутгийн захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон байна. Харин Монгол Улсаас Сүхбаатар, Булган, Увс, Ховд, Архангай, Хэнтий, Баян-Өлгий гэсэн найман аймгийн засаг даргын орлогч, Онцгой байдлын газрын дарга нийлсэн 14 хүн оролцоод ирсэн байна.

“Япон улсад газар хөдлөлт их болдог. Хүүхдүүдийг цэцэрлэгт байхаас нь эхлэн газар хөдлөлтийн талаар зааж, сургуулиудад нь гамшгийн бүх төрлийн хичээл ордог, айл болгонд нь газар хөдөлсөн тохиолдолд аваад гарахад бэлэн аранз хүнийхээ тоогоор бэлэн байж байдаг гээд газар хөдлөлт болон бусад гамшгаас  урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах ажлыг маш сайн хийдэг юм байна. Байшин барилга, бүтээн байгуулалтын ажлууд нь хүртэл газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төхөөрөмжийг сууринд нь суурилуулсан байгаа юм. Энэ бол мэдээж тухайн орны хөгжил, техник технологийн түвшинг харуулж байгаа юм. Мөн нэг хотод нь газар хөдлөлт боллоо гэхэд тэндхийн нийт хүн амын хэдэн хувь нь амь эрсдэж, хэдэн хувь нь үлдэх, байшин барилгын хичнээн хувь нь нурж, хэр их хэмжээний хохирол амсах вэ? гэдэг тооцоо судалгааг хүртэл маш нарийн хийсэн байдаг нь оролцогчдын анхаарлыг ихэд татлаа. Манай Монгол Улсад хэдийгээр газар хөдлөлт нэг их болоод байдаггүй ч гэсэн байгалийн хүчин зүйлийг бид тааж мэдэхгүй. Тиймээс Япон улсын энэ гамшгаас урьчилан сэргийлэх, дараа нь нөхөн сэргээлт хийх тооцоололд суралцах, өөрсдийнхөө хэмжээнд захаас нь  эхлээд хэрэгжүүлэх нь зөв юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн...” хэмээн аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатар хэллээ.

Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны ”Гамшгаас урьчилан сэргийлэх хороо”-ны 15 дугаар хуралд Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайд Д. Дэлгэрцогт мөн оролцжээ.

 

Эх сурвалж: Montsame.gov.mn